Аж ахуйн нэгжийн тооллого ирэх сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжийн тооллого ирэх сард эхэлнэ

Монгол Улсын Статистикийн тухай хуулинд Аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг  таван жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу өмчийн бүх төрөлд хамрагдах аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2011 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2011 оны тавдугаар сарын 15-нд багтаан явуулахаар болсон. Үүний хүрээнд Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан Улсын хэмжээний аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан баасан гаригт болж тооллогын зорилго, үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, тооллогыг зохион байгуулах улсын комиссын ажиллах журам, гишүүдийн ажлын чиг үүргийг баталлаа.
Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт тооллогын бэлтгэл, гишүүдийн чиг үүрэг, ажиллах журам, арга зааварчилгаа, мэдээлэл сурталчилгааны талаар чиглэл өгч, гишүүдэд тодорхой  үүрэг даалгаварыг өглөө. 

Уг тооллого нь аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгож, улмаар статистикийн судалгаа, шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой.

Монгол улс аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг анх 1991 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1994,1998, 2006 онд улс орон даяар явуулж байсан. 2006 оны явуулсан тооллогод Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 34,8 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагаас гадна 52,9 мянган аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж байсан. Уг тооллогоос хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын бүтэц, цар хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд ихээхэн өөрчлөлт гарсан нь харагдаж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж