“Муухай” монгол партизан

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Муухай” монгол партизан

Биднийг багад партизан эсвэл Халх голын дайнд оролцсон гэх энгэртээ паалантай тэмдэгтэй энэ тэнд хэрхэн байлдаж явснаа “сэлэм гялс, толгой бөндгөс” гэж ирээд хөөрдөг Тунгалаг Тамир киноны хоёр банди шиг хөөрсөн өвгөд нэлээд байдаг сан. Ганц хоёр балгууш хүртвэл тогоо нэрсэн чавганц тойроод суусан бацаан бидэнд боевик киног 3D-ээр өнгөтөөр үзэх мэт ярина. Өвгөн партизаны ярианд голдуу Тужийн нарсанд тулалдаж, Хярааны хонхорт хядалцаж, Ховдын хэрмэнд манж хятадыг малын хашаанд орсон чоно шиг сүйрүүлж байсан тухайгаа ярьж байснаа дуусгаж чадалгүй ойчдог сон. Дараа үеийн баатрууд болох Халх голын партизанууд “Цагаан морьт”-оосоо сална гэж байхгүй энгэрт нь холхи газраас ч гялалзан харагдана.    

Малын бэлчээрт ч, тарваганы дошны ард зүүрмэглэсэн ч, дэлгүүрийн лангууны урт очерт ч зүүн мөрөө өргөсхийгээд нэрийн хуудсаа нүдэнд ил зүүнэ. Өглөө эртхэн орцны гадна сүүнд очерлох хүүхэд, хөгшид голдуу  цувааны урдуур орохдоо бидний төлөө аяга цусаа асгаж явснаа “чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ чиний төлөө үхье дээ гэж эх орондоо хэлж явснаа” дурдаад авдаг сан. Тэр үеийн үзэл суртал, суртал ухуулгынхан нам, эвлэл, пионерийнхан баяр ёслолоор хөөргөж өгнө. Ноднин ярьснаасаа тэс ондоо яриад унана. Шархдаад ойчиход нь гэгээн зөвлөлт орны цэрэг аминд нь орсныг заавал дурьдах бол энэ жил болохоор цусаар гагнагдсан монгол цэрэг шархадсан орос цэргийг яаж манхан дамжуулан уух усгүй, унтах нойргүй чирсээр гар дахь ганц гранатаа элгэндээ тэслэхэд бэлэн явсаар аварч байснаа ярьдаг сан хөөрхийс минь. Бид тэднийгээ хэзээ ч андуурч байна гэж шүүмжилдэггүй алга ташин хөхиүлж, суга түшин хүндэлдэг сэн.    

Хожмоо буурьтайхан цөөн үгтэй ганц нэг цэрэгт хамт явсан өвгөчүүлээс асууж үзвэл “хэцс бид юуных нь тулалдах вэ, морин маршаар бүүр наана Матад очоод хагас жил болоод буцсаан, цэргүүд үрэгдэх нь үрэгдсэн. Гэхдээ зарим нь гэдэсний халуун хижигт өнгөрсөн, заримыг маань орос ах нар андуураад бөмбөгдчихсөн юм. Манай хүн морин жолооч хийж байсан, винтов ч барьж үзээгүй хүн, би харин цэргийн агт хариулдаг байлаа” гээд цагаан морьтоо үзүүлдэгсэн. Гэвч хөөрхийс минь хорхойд хоргүй сайхан партизан, ахмад зүтгэлтнүүд байсан юм. Сайндаа л төр засгаас үр ачдаа ганц өрөө байр гуйна.

Цаг өөрчлөгдлөө, цагаан морин жил ч гарлаа. Бүх юм чөлөөтэй боллоо. Хулхи партизан, Халх голын баатрууд ч олширлоо. Дэнжийн мянгын зах дээр талийгаачдын цусан гавьяаны одон, Алтан гадас одонгууд зарагдаж, одонгийн ченжүүд зах зээлийн ханш тогтоох боллоо. “Цагаан морьт” эрэл хэрэгцээ ихтэй болсон. Манай байрны ойрхон номын II дэлгүүрийн сантехникийн слесарь байсан гавшгайчийн ч тэмдэг аваагүйдээ гомдоллож явдаг асан өвгөн ах энгэр нь сумны зэв орохооргүй одонгоор хуяглачихсан генералисмус аятай нөхөр зах дээр зэсийн хаягдал зараад сууж байхад нь тааралдаж л байлаа. Бурхан өршөөг хөөрхийг. Хожим хотын захиргаа байр хуваарилахаа больсны дараа тэгсгээд замхарсан юмдаг. За ингээд партизаны асуудал ул боллоо, бизнесүүд зул боллоо гэтэл биш ээ, аравхан жилийн дараа “ардчиллын партизанууд” гарваад ирэв ээ.

Улаан монгол хөх монгол боллоо, улаан партизан хөх партизан болов оо хөөрхий. Ерөнхий маневр нь тун төстэй ч харин заримдаа хөөрхөн хорлонтой болж эхлэх нь тэр. Бүлт авдаг, 3D-ээр ярьдаг, хувьсгал хийхдээ хулганы хамраас цус гаргаагүйгээрээ барддаг, гавьяа нэхдэг, байр нэхдэг, балгууш хүртдэг гээд олон зүйл давтагдаж эхэллээ. За энэ ч яахав, гайгүй хэрэг.

Яг үнэндээ эд хөөрхий Сүхбаатарын талбайд цугларч жагссан нь үнээн. Магадгүй зарим нь өлсгөлөнд оролцож явсан ориг партизан бий. Жагсаалыг удирдаж, манлайлж явснууд нь би гэж ирээд цээжээ нүдэх нь гайгүй. Хажуудах нь хувьсгал яриад партизанчилж явснаа яриад эхэлбэл Моно Лизагийн нууц инээмсэглэл тодруулаад, дуугүй голдуу өнгөрнө. Харин нийгмийн өөрчлөлтөд өртөн эрэмбэтэй нэг нийгмээс хаост орж, дараагийн цэгцлэгдсэн өөр нийгэм рүү шилжих завсар самуун дэгдээж “ийм л үед тэнгэрээс од шүүрнэ” гэсэн ашиг завшаан эрэгсэд, тухайн нийгэмдээ шаарлагдан амьдарч чадахаа больсон хэсэг, гэмт хэргийн дансанд орж ажил албаны хатуу босгонд бүдрэгсэд, нутаг орондоо “хулигаантаж” явсан гарууд, дарга даамал нам, эвлэлд зуугдагсад, хэлмэгдэгсэдийн үр сад, жинхэнэ шинэчлэл хийж тоталитар дэглэмийг сэгсрэх эрмэлзэлтэй ухамсартай сэхээтнүүд гээд сайнтай, муутайгаа нийлж хөдөлсөн сөн. Иргэний дайны баатруудаасаа салахгүй бол зүгээр суулгадаггүй хувьсгал хийнэ, эсэргүүцнэ, алалцана гээд байдаг болохоор нь Оросын сахал багш хядаж хаяад, Мао зүсинь тамлаж хаяад салсан бол бид өөр нийгэм байгуулсан болохоороо хэт хувьсгалчид маань хөөрхөн хорлоод байх боллоо. Ёстой Баабарын хэлдгээр "өмхий гээд хошногоо тайраад уналтай биш” болох нь тэр. Энэ хэдийг хошгоруулаад улс төрд хонжоо олох сүйхээ гаргадаг улс төрч, бизнесмен хангалттай бий боллоо. Эдний заримыг нь хар партизан, тас хар партизан заримыг нь хөх партизан, ягаарч яваа партизан, ягаарсаар улаан болсон партизан гэж ялгаж салгаж ойлгох нь шударга ёсонд нийцэх билээ.

Хар ба тас хар партизан нь согтуу голдуу явдаг шулуухан мөнгө нэхдэг, архийг нь аваад өгвөл сүм шатаачихаад ир гэвэл очоод шатаачих хүнд гарууд ч гэсэн хаа очиж Ху, ХуХу намд урваад байхгүй. Улаан хошуутай ангаахай хувьсгалч Магнай, Занданг хааяа дагаад кайф авчихдаг хэсэг. Хөөрхийс эд нар маань Вероника-Корсаковын синдромд орж доройтсоор цөөрч яваа юм даа.

За тэгээд цаашилбал ягаан партизанууд байна. Эд нэр бол жинхэнэ новшууд, ашиг завшаан эрэгсэд, дарамтлагсад, урвагчдаас бүрдэнэ. Хамгийн халгаатай нь ардчиллынхаа үнэт зүйл, нэр төр, эв нэгдэл, цаашилбал улс орны хувь заяанд нөлөөлөх түүхэн боломжийг юу ч тоохгүй нулмиж орхино. Тэд өчүүхэн хувийнхаа эрх ашгийн төлөө өөрийнхөө намын гишүүний сонгуулийн тойрогт ажиллахдаа далдуур худалдаж орхино. Тараах материалыг нь гэртээ аваачаад түлээ болгож орхино. Эсрэг талаасаа мөнгө авчихаад материалыг нь аваачиж өгнө. Намынхаа төлөө биш томилолтын мөнгийг хувааж идэхийн төлөө нэр дэвшигчдийн ажилд явна. Нэг муу иргэдийн хуралд гараад ирвэл сөрөг намтайгаа нийлж байгаад нөхрөө дарамталж унагах юмуу, боломжгүй хууль зөрчсөн байдалд оруулна, тендер нэхнэ. Ёс зүйг уландаа гишгэлж, жижигхэн албанд очсон ч харь орны дарангуйлагч шиг хандаж, хүмүүс дарамтална. Энэ хэсэг голдуу ХуХу намын зууш, бууны нохой болж хувирна. Гэхдээ намд нь элсэхгүй. Нууц хорлон сүйтгэгчээр ажиллаж, өөрсдийн нөхдөө хорлож, өрөөлийн нохдын зууш болдог. Ийм янаглан хорлогсод үргэлж намаа хагалж, хоёр намтай болгож, түүнээсээ хонжоо хайдаг, том эрх ашгаа баасны чинээ ч тоодоггүй гарууд. Өөрсдөө хол явахааргүй хоцрогдсоноо ойлгоод хорвоогоос нэг ч гэсэн өдрийг, нэг ч гэсэн завшааныг булаагаад авахсан гэж явдаг хүмүүс. Тээр жил яалаа даа, 13 ягаан партизан гарч ирээд гурван нөхрөө эсрэг талтайгаа нийлж аваад шоронд хатаалгаад, нэгийгээ бурхны оронд томилолт өгч явуулж салсан даг. Эд нар маань одоо ч нийслэлийн бүх дүүрэгт язганаж байдаг. Сонгинохайрханаас гараагаа эхлээд Баянголд үржээд, Баянзүрхэд гаарч, Хан-Уулд хахаж байдаг. Эд өөрийн гэсэн удирдагч, идейний генераци хийдэг “лам багш”-тай, санхүүжүүлэгчтэй мафижсан бүтэцтэй.

Хөх партизан
гэж бас байна. Эд нар эрхбиш цагийн эрхэнд ухаажсан, уулын голын тунамал чулуу шиг юм үзэж хатуужиж, мөлийсөн ч хэрэгтэй үед брилиантын талст шиг өнцөгтөөд гялалзаад ирдэг хэсэг. Чухам МоАХ-ны тулганд байгаа бөхөшгүй цог нь. Тэдэнд том эрх ашиг, үнэт зүйл гэж бий. Хамт зүтгэгч бусад өөр угшилтнаа ч хэрэгтэй үед хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Энэ хэд нь нөгөө хүнд гаруудынхаа уяа, угаадас хоёрыг нь зохицуулах гэж оролддог. Эд нар л тууштай зүтгэж, салхины өөдөөс нулмиж явж, амжилтад хүргэсэн гавьяатай ч гавьяа нэхээд гоншигноод байхгүй. Хэрэгтэй үед XIII зууны монгол эр шиг дайнд бэлэн байдаг хүмүүс. Дэлхий гурван зааны нуруун дээр тогтдог шиг АН-ын нэг хүчирхэг заан нь бөлгөө.

Ягаарсаар улаасан партизан гэж буй. Энэ хэсэг маань ардчиллын сайн сайхныг хүлээж чадахгүй нь би ямар ухаарлаа, сэхээрлээ гээд үхэл амьдралд сүүлчийн цэг хатгах биш гэсэн прагматикууд. Тэр чигтээ нэг мөр цаашаа одсон ил дайсан болсон цөөнх. Үе үе нөхдөө, уухай хадуулж явснаа гэгэлзэн дурсч, хар партизануудтайгаа “шилэн бүрээ” үлээмээр санагддаг юм билээ. Хөөрхийс харь нутагт хүргэн болсон хүний ганц шиг л байдаг байх даа. Ийм олон юм чалчихын учир бол ягаан партизаныг чичлэхэд л оршсон юм. “Үгүй та минь ээ” та нар харцгаа, ухаарцгаа. Маргааш сонгууль болох гэж байна. АН-ын чинь рейтинг 10 пунктаар илүү байна. 22 жил мэрээд дийлээгүй хатсан гамбир цагийн эрхэнд эмтрээд уналаа. 90 настай зөнөг өвгөн хорголоороо тоглоод эхэллээ. Коммунизмын хий үзэгдэл зомби болох шахаж байна.

Дахиад олдошгүй алдвал бут үсрэх түүхэн боломж олдож байна. Гэтэл юу вэ, Хан-Уулын хормойд юу болоод байна. “Хажууд чинь Хан Хэнтий байхад гурав хонолгүй” гэлээ гэгчээр гарт чинь ар халх тэр чигээрээ ирж байхад үхсэн хатсанаа булаацалддаг байна. “Хүн Чулууны хонхорт” арай хийж ганц удаа салхи сэвэлзэн АН ялахад бүтэн гурван жил зодолдож, шившгээ чирлээ. Хоёр нам болж үзлээ. Хүлээцтэй буулт хийгээд байхад улам хаданд гараад байдаг нэг муу ягаан партизан Ариунболд гэх дурак бүхэл бүтэн намыг, монголын ирээдүйг шийдэх “хаан” сонголтын өмнө хорлож чадаад байх юм. Ийм л нөхрийг би ягаан партизан гээд байгаа юм. Хамтын эрх ашиг, үнэт зүйл, зарчим гэж огт байхгүй. “Цооронхой бандаажны” хэрүүл хийсээр таарлаа. Өөрөө дүүргийн намын даргыг дарамталж авчихаад, булган шуб хөдөрчихөөд, зуун саяын машин хөлөглөчихөөд, зуун мянган удаа өөрийг нь оршуулсан ч томдохоор газар авчихаад одоо боливол яасийн.

Турхираад байгаа нь, санхүүжүүлээд байгаа нь, алсаас мушилзан ивээгээд байгааг нь бүгд мэдэж л байгаа. Одоо болье, хамтдаа урагшилъя л даа. Сайнтай муутайгаа сав дүүрдгээс хойш. “Терпи казак атаманом будишь” гэмээр байх юм.

Бараг хар партизан шахуу Ж.Гомбо
2012.03.20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж