Хүүхдээ хэрхэн үнэгүй оношлуулж, эмчлүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хэрхэн үнэгүй оношлуулж, эмчлүүлэх вэ?

18 нас хүртэлх хүүхэд бүрийг үнэгүй оношилж, эмчлэх зорилготой “Эрүүл хүүхэд” аян эхэллээ. Өсвөр насны хүүхдийн дунд тохиолдох осол гэмтэл, цочмог хордолт насанд хүрэгчдийнхээс хоёр дахин илүү байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байгаа аж. Насанд хүрэгсдийн архаг өвчний 60 хувь өсвөр үедээ оношлуулж, эмчлүүлээгүйгээс шалтгаалдаг. Бага насны хүүхдийг эрт оношлон, эмчилснээр хүүхдийн ирээдүйд хийж байгаа хамгийн том алхам ажээ.  

Оношлогоо эмчилгээнд эцэг эх нэг ч төгрөг төлөхгүй

 “Эрүүл хүүхэд” аяны гол зорилго нь 0-18 насны хүүхдүүдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, эрүүлжүүлэх зорилготой аж. Энэхүү төсөлд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Шаадрлагатай мөнгийг,  гүйцэтгэлээр нь шууд санхүүжүүлэх аж. Хөтөлбөр хоёр үе шаттай. Эхний шат хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд нийт хүүхдээ оношилж дуусах бөгөөд үзсэн хүүхэд бүрт эрүүл мэндийн сан бүрдүүлэх аж. Харин дараагийн шат зургадугаар сарын 1-нээс арванхоёрсарын 30-ныг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд хүүхдүүдийг бүрэн эмчилж дуусах аж. Ямар ч байсан оношилсон хүүхдээ эмчилнэ гэдгээ эмч нар амлаж байна.  Монгол Улс барагцаагаар 970 гаруй мянган хүүхэдтэй гэсэн тоо баримт байдаг. Энэхүү хөтөлбөрийн бас нэг зорилго нь нийт 18 нас хүртэлх хүүхдийн тоо, нас, хүйс, биеийн өсөлт, өвчин эмгэгийг багтаасан том мэдээллийн сан бий болгох явдал. 

Хүүхдээ хаана үзүүлэх вэ?

0-5 настай хүүхэд

Энэ насны цэцэрлэг, яслид явдаг хүүхдүүдийг шууд цэцэрлэг, ясли дээр нь хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар очин оношлогоо хийх ажээ. Харин гэртээ байдаг, цэцэрлэгт явдаггүй хүүхдийг өрхийн эмнэлэгтээ хандан үзүүлэх боломжтой ажээ. Оршин суугаа газрын өрхийн эмнэлэгт хүүхдийн эмч байдаггүй, өрхийн эмчийн чадварт эргэлзэх явдал цөөнгүй ажиглагддаг. Энэ хөтөлбөрт тухайн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар баг болон өрхийн эмнэлгүүдэд ажиллах юм байна. Эрүүл мэндийн бүртгэлзүйн мэдээгээр 10,000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3 хувь байдаг байна. Таван нас хүртэлх хүүхдийн зонхилон тусдаг өвчин нь шүдний өвчин, тархины даралт, амьсгалын зам, бөөр шээсний зам,  хоол боловсруулах эрхтэний өвчлөл хамгийн их байдаг ажээ.

5-11 насны хүүхэд

Энэ насны хүүхдийн ихэнх хувь нь цэцэрлэг, сургуульд хамрагддаг байна. Тиймээс төлөвлөсөн графикийн дагуу тухайн сургууль, цэцэрлэгт төрөлжсөн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх баг очин оношлогоо хийх аж. Эмч нарын үзлэг хийх өдөр ямар нэгэн шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй хүүхдийн тухай мэдээллийг ангийн багш нь тодруулах хэрэгтэй гэнэ. Үзлэгээс хоцорсон хүүхдийг заавал нөхөн үзэх бөгөөд тухайн дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр очин үзүүлэх шаарлагатай ажээ. Тиймээс үзлэг хийхээр товлосон өдөр хүүхдээ аль болох сургууль, цэцэрлэгийг таслуулалгүй явуулахыг зөвлөж байна.

11-18 насны хүүхэд

Энэ насны хүүхдүүд нь ихэнх нь сургуульд суралцдаг. Тиймээс мөн л харьяа дүүргийн эмч нар тухайн сургууль дээр очин эрүүл мэндийн үзлэг хийх гэнэ. Хэрэв үзлэг хийх үер тухайн сурагч аль нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байвал тухайн эмнэлэгтэй холбогдон хүүхдийн эрүүл мэндийн байдлыг тодруулах ажээ. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд нийтдээ 100 ажил хийхээр төлөвлөсөний эхний арга хэмжээ нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин тарих юм байна. Уг вакциныг энэ сарын 12-16- ны хооронд 10-11 насны охидод тарьж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 71 хувьтай байна.

Хаана эмчлэх вэ?

Ямартай ч аймаг, сум, дүүргийн Нэгдсэн эмнэлэг өөрсдийн нөөц бололцоог дайчлан эмчлэх аж. Нэгдсэн эмнэлэгүүдэд эмчилгээ, оношлогооны багаж, тоног төхөөрөмж муутай байдгаас эмчлэх боломжгүй, шаардлагатай гэж үзсэн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эмчлэх юм байна. Тус эмнэлэг нь халамжийн төвүүд, хүүхдийн хорихын эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй тугай цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулах ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж