Эмэгтэй хүний сонсох чадвар мөн л эрчүүдийнхээс сайн. Тэдний тархи шөнө дунд хүүхэд уйлахыг сайн сонсохын тулд сэргэг байх програмтай. Хүүхэд уйлж байхад ихэнх аав унтаж л байдаг шүү дээ. Бүүр алсад муурны зулзага дуугарахад ч эмэгтэй хүн сонсож чаддаг. Зүг чигийг баримжаалахдаа хол давуу эрчүүд харин олж сонсохгүй л болов уу. Уйлах мэт чимээ шөнө өдрийн алинд ч эмэгтэй хүний анхаарлыг татдаг. Айлын хүүхэд уйлаад байхад хүүхнүүд тэвчиж чадахгүй шахам эмзэг хүлээж авдаг бол харчууд нэг их цочрохгүй.
Төрөөд долоо хонож байгаа охин хүүхэд ээжийнхээ дууг ялгадаг болох төдийгүй өөр хүүхдийн уйлах чимээг мөн мэддэг болдог. Гэтэл хөвгүүд тэгж чаддаггүй. Эрэгтэй хүн аливаа зүйлийг сонсохдоо зөвхөн зүүн тархиа ашигладаг бол эмэгтэйчүүд тархиныхаа хоёр талаар сонсдог. Тийм учраас дуу чимээг олж сонсох, ялгаж танихдаа гаргуун. Үүнийхээ ачаар хүүхнүүд нэг хүнтэй өөд өөдөөсөө харан ярьж суухдаа өөр буланд ондоо нэг хүний ярихыг барагцаалж сонсоод байж дөнгөдөг. Зурагт асаатай байхад, угаалтуурт ус гоожиж байхад эрэгтэй хүн яриа сонсож чаддаггүйн шалтгаан энэ. Утас нь дуугарахаад харчууд хажуу дахь хүнээ чимээгүй байхыг шаардан, зурагтаа унтраан, эсвэл дууг нь хааж байж нэг юм утсараа ярьдаг шүү дээ. Хүүхнүүдэд бол асуудалгүй ээ.