Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ид шид бүтээгч Месси

Өнгөрөгч долоо хоногийн хувьд телевизийн мэдээ, сонин сэтгүүлийн хуудас Месси гэх авьяаслаг залуу хөлбөмбөгчийн нэрээр дүүрэн байлаа. Үнэхээр энэ цаг мөчид дэлхийн спорт Мессигээр амьсгалж байна.
Хөлбөмбөг сонирхогчид түүнийг компьютер тоглоомын гоолын машинтай зүйрлэж байгаа, харин дасгалжуулагч нь Лионель Мессиг хувь хүн талаас нь, түүний хувийн чадварыг илүү тодотгодог.
Месси өнгөрөгч мягмар гаригийн шөнө болсон Европын хөлбөмбөгийн элитүүдийн тавцанд Аваргуудын лигийн хагас шигшээд “Арсенал”-тай хийсэн тоглолтод дөрвөн гоол оруулж, дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэх статусаа баталсан. 22-хон настай залуу авьяастан ийнхүү улирлын 39 дэх гоолоо оруулсан юм. Тэрбээр тоглолтын эхний хагаст “Мэргэн буучид”-ын хаалганд гурван гоол оруулж амжсан бөгөөд улирлын дөрөв дэх хет-трик нь энэ байлаа. Аргентиний шигшээ багийн довтолгооны гол хүчин болсон Месси Аваргуудын лигийн бүх цаг үеийн түүхэнд нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан ердөө зургаа дахь тоглогч нь болсон юм. Тэрбээр мөн нэг улирлын туршид 25 гоол оруулсан Бразилийн довтлогч Ривальдогийн амжилттай эн зэрэгцээд байна.
Аваргуудын лигийн шөвгийн наймд “Барса”-д ялагдаж, өрсөлдөөнөөс хасагдсан Лондонгийн “Мэргэн буучид”-ын дасгалжуулагч Арсень Венгер түүний талаар “Месси яг л PlayStation-ы хөлбөмбөгч шиг. Эсрэг багийн тоглогч алдаа гаргасан л бол тэр түүнийг тун гарамгай ашиглаж чаддаг. Месси бол залуу тоглогч, цаашид агуу амжилтын эзэн болно гэж бодож байна. Түүний дөрөв дэх гоол шиг тийм гайхалтай, торгон мэдрэмжтэй гоолыг оруулж чадах тоглогч дэлхий дээр түүнээс өөр байхгүй л болов уу. Үнэхээр боломжгүй харагдаж байсан ч тэр хаалганд бөмбөг оруулж чадсан. Түүнд онцгой чадвар байдаг. Энэ залуугийн өмнө дахиад зургаа, долоон жилийн ирээдүй байна. Хэрэв түүнд ямар нэг муу зүйл тохиохгүй л бол Месси үнэхээр итгэмээргүй төвшинд хүрч чадна” гэжээ.
Харин “Барселона”-г удирдаж буй Пеп Гуордиалагийн хэлснээр Мессигийн хамгийн сайн чанар бол түүний даруухан зан ааш гэнэ. Хөлбөмбөгийн баячуудын жагсаалтад загварын бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэмийг ардаа орхисон Мессигийн тухайд Гуордиала “Месси өглөө босоод л багийнхаа нөхөд, хамтран зүтгэгчдэдээ анхаарал хандуулж, тэднийг үргэлж халамжилж байдаг. Тэр хөлбөмбөгт сэтгэлийнхээ угаас хайртай. Түүний энэ байдал, бас даруухан зан нь надад таалагддаг” гэжээ.
Аваргуудын лигийн шөвгийн наймд тэд “Арсенал”-ыг цуврал тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар бут ниргэсэн, харин Месси гол баатар нь байсан. Месси өөрөө энэ амжилтын дараа “Бид дараагийн шатанд шалгарсандаа баяртай байна. Гэхдээ цаашид илүү анхааралтай, няхуур байх хэрэгтэй” хэмээн даруухан өгүүлжээ.
Мессигийн байгуулсан гавьяа үүгээр дуусаагүй. Бямба гаригийн шөнө болсон Испанийн Примера лигийн хамгийн алдартай, сонгодог тулаанд Месси чухал үүрэг гүйцэтгэсэн. “Эль Классико” хэмээн алдаршсан Ла лигийн тэргүүлэгч, мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” болон “Барселона” нарын 156 дахь удаагийн тулаанд “Барса” 2:0 харьцаатай ялалт байгуулсан юм. Харин Месси тооны харьцааг нээж, гоолын салхийг хагалсан. Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болсон хоёр багийн тоглолтын 33 дахь минутад Лионель Месси гоолдсоноор улирлын 40 дэх, харин Ла лигийн 27 дахь гоолоо оруулжээ. “Барса” ийнхүү “Оддын цуглуулга”-ын дараалан 12 тоглолтод ялалт байгуулсан амжилтыг эцэслэж, улмаар лигийн хүснэгтийг 80 оноотой тэргүүлж байна.
Домогт Марадонатай зүйрлэгдэх болсон Аргентиний шигшээ багийн залуу авьяастан Лионель Месси ийнхүү хөлбөмбөгийн талбайд гялалзаж, нэр алдраа цуурайтуулж байна. Харин удахгүй Өмнөд Африкт эхлэх 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэн гэдгээ харуулах үлдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж