Төрийн албан хаагчийн цалинг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн цалинг нэмлээ

Засгийн газрын баасан гаригийн хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцож УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан. Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байгаа аж.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн ба түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс сард 40 мянга, тавдугаар сарын 1-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод төвшнөөс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна. Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  мөн тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгт хүргэх аж.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ

Мөн дээрх шийдвэртэй холбоо­тойгоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгасан юм. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.

 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

Мөн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жаг­саалтыг хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байгаа гэнэ. Жагсаалтад энэ удаад нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц байгаа аж. Одоогоор хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажил явж буй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж