
Сери А лигийн гол төлөөлөгчид болох Милан хотын хоёр багийн өрсөлдөөн үргэлжид анхаарлын төвд байдаг. Италийн хамгийн баялаг түүхтэй хоёр багийн тоглолт Сери А лигийн хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 3-нд болох байсан ч Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан “Интер Милан”-д бага ч болов цаг хугацаа олгох үүднээс Миланы дербигийн товыг нэг хоногоор наашлуулж, дөрөвдүгээр сарын 2-ны бямба гаригт болохоор болжээ. “Интер” Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатанд Германы “Баейрн Мюнхен”-г хожсоноор шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан. Харин шөвгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 5, 6-нд, хариу тоглолтууд 12, 13-нд болох юм.
“Интер Милан” болон “АС Милан” багууд Сери А лигт нийт 175 удаа таарч тоглоход 64 удаад нь “Интер” хожиж, харин “АС Милан” 59 удаа ялалт байгуулж байжээ. Харин хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд болсон Миланы дербид 1:0-ээр “АС Милан” илүүрхсэн юм.
С.Цэлмэг