“Сүмтэй бударын чулуу” хос номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Сүмтэй бударын чулуу” хос номын нээлт боллоо

Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” хос номын нээлт боллоо

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын
чулуу” хос номын нээлт 2011 оны 3-р сарын 17-ны 11.40-д Интер ном номын
их дэлгүүрт боллоо.

Найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан 1990 онд Монголын
хамгийн хурдан борлуулалттай, эрэлт хэрэгцээтэй номоор тодорч байсан
“Сүмтэй бударын чулуу”шүлэг, найраглалын номын хоёр дахь хэвлэл (хос
дэвтэр)-ийг уншигчдын эрэлт хэрэгцээнд зориулан Р.Чойномын Өвийг
хамгаалах “ӨД” Сан, “Жикомпресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргалаа.

Номын нээлтэд, номын анхны хэвлэлд бэлтгэсэн Төрийн шагналт, ардын уран
зохиолч Ш.Сүрэнжав, хоёр дахь хэвлэлд бэлтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн
Л.Дашням, МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой нар хүндтэй суудлыг эзлэн
суужээ.

Мөн МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Үндэсний төв номын сангийн захирал
Х.Чилаажав, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, УГЗ, кино найруулагч
Х.Дамдин, орчуулагч Ж.Нэргүй, шүүмжлэгч Д.Хүү, Говьсүмбэр аймгаас
Р.Батжаргал, Сулинхээрээс С.Чулуун зэрэг хот хөдөөгийн олон зохиолчид,
Р.Чойномын анд С.Лувсанзундуй, Л.Дэмбэрэл, Ш.Галсандорж, зохиолчийн
төрсөн дүү Р.Гансүх, төрөл төрөгсөд, хос номыг хэвлэхэд санхүүгийн
дэмжлэг үзүүлсэн оюуны хөрөнгө оруулагчид, залуу яруу найрагчид,
сэтгүүлчид гээд төрөл бүрийн мэргэжлийн олон хүмүүс оролцлоо.

Номын нээлтийг ӨД сангийн тогтсон уламжлал ёсоор сийлбэрч Р.Чойномын
урласан морин хуураар номын өргөөний жаврыг аргадаж, Үндэсний дуу
бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, “Оюухай-2006”
яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга хөтөлж явуулсан юм.

Энэхүү номыг хоёр дэвтэр болгон овор хэмжээний хувьд багасган дэлхийн
бестселлэр номуудын нэгэн адил хэмжээтэй болгон хэвлэжээ. Энэ нь аялал,
аян зам, ер нь хаа ч авч явахад авсаархан “халаасны ном” болсноороо
өвөрмөц шийдэлтэй ном болжээ. Нэг дэх дэвтэр нь шүлэг, хоёр дахь дэвтэр
нь найраглалуудаас бүрдсэн байна. Мөн хатуу хавтастай, сонсдог “Сүмтэй
бударын чулуу” хийгдэж байгаа, удахгүй уншигчдын гар дээр очих болно.

Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн анх өрнөсөн 1989 оны эцсээр Р.Чойномын
зургийг томоор хөрөглөн зурж бариад, шүлэг найраглалын гал цогтой
мөрүүдийг нь ардчилал, эрх чөлөөний дуу хоолой болгон тунхаглан олон
нийтийн цуглаанд уншиж байсан юм. Энэ үед, Монголын Зохиолчдын Эвлэлийн
Хорооны дарга Д.Цэдэвийн бүтээлч санаачлагаар өвийн комисс байгуулагдаж,
зохиолч Ж.Бямбаа, Ш.Сүрэнжав, Д.Цоодол нар “Сүмтэй бударын чулуу” номын
анхны хувилбарыг эмхтгэн гаргаж байжээ

Эгэл бус хүний алдар нэрийг дөрөөлж, өмнөх жилүүдэд хэвлэгдсэн шүлэг
найраглалыг нь зоосны нүхээр харж, үнэлэлт дүгнэлт хийхийг гол зорилго
болгосонгүй. Тийм ийм гэж хоосон магтаал бичихийг ч хүссэнгүй гагцхүү ӨД
санд хадгалагдаж байгаа зохиогчийн эх гар бичмэлтэй нягтлан тулгаж, гал
цогтой хурц халуун үгийг өнөө дахин “цензурдахаас” татгалзаж, үг үсгийн
алдаа зөрүү, хасагдсан буюу огт мэдэгдээгүй орхигдсон мөр шүлгүүдийг
нөхөн сэргээв.

Жишээ дурдвал, “Монгол бүсгүй” найраглалд 89 мөр шинээр нэмэгдсэн.

“Амрагтаа бичсэн захиа” шүлэгт
                        …Өөрийг минь харин нөгчвөл
                        Өнөөх, улс төр гэдэг
                        Сарыг залгидаг Рах шиг амьтан
                        Сайн ханийг минь залгилаа гэж бодоорой…гэсэн
мөрүүд нэмэгдэж оржээ. Энэ мэтээр маш олон шүлэг анхны эхээрээ орсон
болно.

“ӨД” сан, 2007 оноос хойш нэлээдгүй цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулан
ажилласнаар “Сүмтэй бударын чулуу” номд орсон нийт зохиолын ная орчим
хувийнх нь эх гар бичмэлийг олж авсан юм. Анх энэ түүврийг эмхтгэхдээ
олон шүлэг, зохиолоос нь сонгон авч оруулсан нь ойлгомжтой байгаа хэдий
ч, олдоогүй үлдсэн зохиолуудынх нь эх гар бичмэлүүд хаа нэг газар, хэн
нэгэн сайн санаат хүний гарт хадгалагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй
байгаа тул “ӨД” Санд авчирч өгөн, их зохиолчийнхоо дахин давтагдашгүй
зохиолуудыг уншигч олонтойгоо хамтдаа уншиж сэтгэлийн таашаал эдлэн буян
хураана гэдэгт гүнээ итгэн найдаж байна.

Номыг дээдлэгч хүмүүн бүр билиг танхай яруу найрагч Р.Чойномын
мэндэлсний 75 жилийн ойд бэлэг барьж, хос номоо уншин, сэтгэлийн таашаал
эдлээрэй.

Найрагчийн бусад номыг ЭНДЭЭС уншина уу

Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сан

Утас: 7010-4224, 9908-4224
E-mail: choinom_udsan@yahoo.com
Web site: www.choinom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж