Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн хурлаас 1993 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгохоор шийдсэн байдаг. 1996 онд “Дэлхийн усны зөвлөл” байгуулагдсан бөгөөд усны чиглэлээр судалгаа хийдэг олон улсын эрдэмтдийн нэгдсэн судалгааны багийг бүрдүүлэн ажилладаг ажээ. “Дэлхийн усны зөвлөл”-д усны асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээ хийж, 1997 оноос “Дэлхийн усны форум”-ыг гурван жил тутам зохион байгуулахаар болжээ.
Гүний усыг онцлов
Энэ удаагийн форумын үеэр голчлон яригдаж байгаа асуудал бол гүний усны хэрэглээний талаарх эрсдэл. Гүний усыг татаж гаргах дэвшилтэт технологиуд дэлхий даяар нэвтэрснээр эргэж нөхөгдөхдөө хэдэн сая жил зарцуулдаг гүний ус багассаар байгаа юм. 2000 онд Недирландын Гаага хотод болсон Дэлхийн усны хоёрдугаар форумаас баталсан дэлхийн усны дүр зурагт 2025 он гэхэд 4 тэрбум хүн усны хомсдол өндөр улсад амьдрах болно гэж таамагласан байдаг. Харин өнөөдөр хүн ам эрчимтэй өсч энэ таамаглал улам наашилж байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнс тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж хөдөө аж ахуйн салбар эрчимжсээр.
Одоо дэлхий нийтээр ашиглаж буй цэвэр усны 70 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байгаа юм. Европын зарим оронд царцаа, жоом гэх мэт шавьжны махаар хүнс бэлтгэж эхэлсэн тухай нэвтрүүлэг телевизээр цацаж байна. Нэг килограмм хонины мах бэлтгэхийн тулд 20 килограмм өвс хэрэгтэй болдог. Харин тийм хэмжээний шавьжны мах бэлтгэхэд ердөө 2 килограмм өвс шаардагддаг аж. Өвс ургахад мэдээж ус зарцуулна. “Шавьжны махыг сонгож байгаа хүн ус хэмнэж байна” гэсэн уриаг ч дэвшүүлжээ. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ мэтээр ус хэмнэх жигтэй, сонирхолтой алхмуудыг хийж байхад хөгжил дорой Африкийн орны иргэд ямар ч аргагүй амь үрэгдсээр байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус хэрэглэсний улмаас ойролцоогоор 8 секунд дутам нэг хүүхэд үхэж байна гэсэн сэрдхийм тооцоо ч бий.
Дэлхийн усны форумын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун видео санал илгээсэн бөгөөд “Ирэх зургаадугаар сард Бразелийн Рио Де Жанеро хотод болох НҮБ-ын тогтвортой байдлын бага хуралд энэ форум томоохон түлхэц үзүүлэх юм” гэжээ.
Монголын 33 төлөөлөгч
Дэлхийн усны форумд манай улсаас 33 төлөөлөгч явсан байна. Манай төлөөлөгчдийн хувьд форумд хэлэх санал, хүсэлт цөөнгүй бий.
Монгол улс усны нөөцийн тэгш бус хуваарилалттай. Уул уурхайн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа ч усны асуудал эрсдэлд оруулж мэдэхээр байгаа юм. Учир нь өмнөд говийн бүс нутагт ус багатайн дээр гүний усны нэгдсэн судалгаа байдаггүй учраас нэг л өдөр цорго хаагдах аюултай. Дэлхий нийт гүний усны хэрэгцээг багасгая гэж ярилцаж байх зуур манайх гүний усаа татсаар байна. Асар их хөрөнгө оруулалтаар боссон баяжуулах, хайлуулах үйлдвэрүүд усгүй бол тэг зогсолт хийхээс аргагүй. Мөн зарим суурин газруудын хүн амын ундны ус, ариутгах татуургын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй.
Жишээ нь: Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэд 45 километрын цаанаас өвөлдөө мөс зөөж, зун цистернээр усаа зөөж уудаг байна. Энэ асуудал нь олон жил иргэдэд дарамтай байхад дорвитой шийд гараагүй л байна. Мөн Дундговь аймгийн Мандаловоогийн иргэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэсний улмаас хордлогод орсон тохиолдол цөөнгүй гарчээ. Энэ мэт асуудал манайд зөндөө байхад нэг нь ч шийдэгддэггүй нь тодорхой хэдхэн шалтгаантай. Нэгдүгээрт усны ч бай ер нь аливаа асуудлыг улстөржүүлэх дуртай. Хоёрдугаарт ярьснаа ажил болгодоггүй. Зуу зуун хуудас цаасан дээр гоё төсөл төлөвлөгөө байдаг боловч түүнийг ерөөс ажил хэрэг болгодоггүй. Гуравдугаарт удаан дуншсан төлөвлөгөөг ажил хэрэг болгоод барилга байгууламж барихдаа тулахад түүнийг чанартай хийдэггүй.
Араасаа асуудал уядаг. Учир нь тендерийг хэн нэгэн нөлөөтэй эрхмийн хамаатан саданд өгсөн байдаг. Ус бол амьдралын үндэс. Тиймээс энэ асуудлыг улстөржүүлж, хөрөнгө мөнгөөр үнэлэх аргагүй. Дэлхий нийтээр усаа яаж хэмнэе гэж толгойгоо гашилгаж байхад бид суултуураар цэвэр ус урсгаад байх нь туйлын зохимжгүй. Ядаж л энэ асуудлаа түргэн шийдмээр байна. Усандаа хямгатай хандсанаар ирээдүйд алт, нүүрс бус усаа өндөр үнээр экспортлох цаг ирэх ч юм билүү. Дэлхийн усны форумд улсаа төлөөлөн явсан 33 төлөөлөгч олон шинэ санаатай ирнэ гэдэгт итгэж байна. Төсвийн мөнгөөр томилолт өвөртөлсний үр дүнг гаргана гэдэгт найдаж байна.
О.Хосцэцэг