Кондолиза Райз: Мөрөөдлийн ханиа олоогүй л явна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Кондолиза Райз: Мөрөөдлийн ханиа олоогүй л явна

CNN-ийн шууд ярилцлагын цагаар Пийрс Морганы Кондолиза Райзтай хийсэн ярилцлага маш олон хүнд таалагдлаа. Төрийн нарийн бичгийн дарга хийж явсан төмөр мэт хатагтайтай эгэл жирийн амьдралын тухай яриа өрнүүлэв. “Мөрөөдлийнхөө ханхүүг олоогүй л явна” хэмээн эрхэмсэг хатагтайн хэлсэн нь энгийнээс энгийн, бас ер бусын байлаа.

Ингэхэд эрх мэдэлтэй байх, эрх мэдлээ өгсний дараах амьдрал хоёрын аль нь зугаатай байна даа?

-Энэ хоёр хоорондоо тун их ялгаатай. Сонин уншиж байгаад бид “Энэ ямар сонирхолтой юм бэ” гэж хэлээд дараагийн хуудсыг нь үргэлжлүүлэн уншдаг шүү дээ. Амьдрал яг үүнтэй ижил. Гэхдээ би өөрийнхөө амьдралд хайртай. Яг л байгаагаар нь хайрладаг. АНУ-ын төрд зүтгэж, төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөх хийж байсан минь том аз завшаан, бас хүндэтгэл. Гэлээ ч би профессорын амьдралдаа хайртай. Өнөө жил, үгүй бол дараа жилээс Стэнфордын их сургуульд багшилна. 30 жил ажиллах байх.

Хөөх.

-Стэнфорд миний хувьд дотно.

Амьдрал чинь хэр өөрчлөгдсөн бэ? Тийм өндөр алба хашиж байсан хүний хувьд мэдээж өөрчлөлтийг мэдэрч байгаа. Гэвч нөгөө талаас олон жилийн туршид хийх боломжгүй, цаг зав гаргаж чаддаггүй байсан зүйлээ одоо хийх боломжтой боллоо шүү дээ.

-Ажил минь амаргүй байсаан. Өглөө босоод л алан хядлагын заналхийлэл, элдэв дайралтын тухай мэдээллийг уншина гэдэг ямар хэцүүг хүмүүс ойлгож байгаа байх.

Таныг өглөө 04.30-д босдог байсан гэж сонссон.

-Тийм ээ. Дасгал хийдэг байлаа. Тэгэхгүй л бол өөр ямар ч үед надад чөлөө зав олддоггүй байсан. Харин ажлынхаа ширээний ард 06.30 гэхэд сууна. Тэгээд л ширээн дээр намайг хүлээж байгаа бүгдийг уншина даа. Айлчлал, уулзалт гээд ар араасаа хөвөрнө.

Үнэхээр завгүй өдрүүд байжээ.

-Өдөр бүр, цаг мөч бүр завгүй. Алхаад эхэлчихсэн л бол зогсох ямар ч аргагүй. Харин одоо би өөртөө цаг гаргах боломжтой болсон.

Цагаан ордны гадаа зогсож буй өхөөрдөм бяцхан Кондолизагийн зургийг би харсан. Та тэгэхэд юу мөрөөдөж байсан бол?

-Би төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байлаа. Энэ байшин дотор хэзээ нэгэн цагт орж тоглолт хийнэ дээ гэж л бодож байсан биз. Цагаан ордонг заагаад “Би энэ дотор ажиллана” хэмээн хэлсэн гэж аав минь дурсдаг. Харин би өөрөө түүнийгээ санадаггүй юм.

Бага насныхаа тухай хуучлаач.

-Тэд маань эгэл жирийн хүмүүс. Миний ээж дунд сургуулийн багш байсан юм. Харин аав сургуулийн зөвлөхөөр ажилладаг байлаа.

Тэд өөрийг чинь ямар бдолтой хүн болгож өсгөсөн бэ? Тэдний танд үзүүлсэн хамгийн том нөлөө гэвэл?

-Маш энгийн. Боловсролын үнэ цэнийг надад мэдрүүлсэн. Айлын аав , ээжүүд хүүхдүүдээ дагуулаад парк, цэцэрлэг явдаг байхад бид их сургуулиуд, номын сан руу явдаг байсан.

-Улс төрийн хүнд хэцүү амьдрал дунд явахдаа, ялангуяа Иракийн дайны өдрүүдэд зүгээр л төгөлдөр хуураа тоглоод явж байхгүй яав даа гэж бодох үе байсан уу?

-Үгүй дээ. Хэзээ ч үгүй. Тэгээд ч би сайн төгөлдөр хуурч болох тийм сүрхий авьяастай байгаагүй. Гэхдээ би Вашингтонд ажиллаж байхдаа ч төгөлдөр хуураа тоглодог л байсан шүү дээ.

Амьдралдаа хазгай гишгэсэн ямар нэг алдаа огт хийж байгаагүй хүн гэж би таныг боддог. Өөрөөр хэлбэл алхам бүрээ хянаж чаддаг хүн гэж.

-Хувь заяаг сөрж чадахгүй шүү дээ.

Таны талаар бидний мэдэхгүй зүйл олон бий.

-Магадгүй ээ.

Тэгвэл заримаас нь хуваалцахгүй юм уу?

-Үнэндээ тэгж бодохгүй л байна.

Та дүрсгүй байсан уу, багадаа?

-Би жирийн л охин байсан.

Жирийн охиноос хамгийн хүчирхэг эмэгтэй болсон юм биз дээ?

-Ийм түүх элбэг шүү дээ.

Та сая ирэхдээ бага зэрэг ханиадтай байгаа гэсэн.

-Тийм ээ.

Төрийн албанд найман жил зүтгэхдээ ганц ч удаа өвдөөгүй гэж байсан биз дээ?

-Тэгсээн.

Ханиад ч хүрээгүй гэж үү?

-Ханиад ч хүрч үзээгүй. Би биеэ их сайн анхаардаг байсан.

Ханиад ч хүрэхгүй яаж тэгтлээ хамгаалж чаддаг байна аа. Та энэ тухайгаа ном бичиж зараач.

-Дасгал хийнэ. Магадгүй ганцаараа амьдардаг хүний нэг давуу тал байж болох юм.

Гав ганцаараа цэв цэвэрхэн гэрт амьдардаг байсан гэсэн үг үү?

-Тэгж болох л юм.

Тэгээд хэнийг ч оруулахгүй.

-Бараг л.

Та архи уудаг байсан уу, ажил хийж байхдаа?

-Зарим үед хэрэглэдэг байсан. Хааяа.

Согтож үзсэн үү?

-Мэдээж үгүй.

Хэзээ ч үгүй юү?

-Хэзээ ч. Өөрийнхөө хийж буй үйлдлийг хянаж чадахгүй тийм байдалд би дургүй.

Төсөөлж байна аа. Та мөнхийн хяналттай байх дуртай хүн.

-Нэг талаар тийм. Нөгөө талаар цаг үргэлжид гэнэтийн зүйлд бэлэн байх ёстой. Ажлын шаардлагаар шөнийн 03 цагт утас дуугарахад би сэрээд утсаа авдаг байх ёстой.

Гэхдээ л энэ бүхэн хэрээс хэтэрсэн хяналт, өөрийгөө цэнэсэн амьдрал биш үү?

-Хэрэв хэн нэгэн маш том хариуцлагыг өөртөө үүрсэн бол түүндээ захирагдаж амьдрах шаардлагатай.

Одоо та өглөө 04.30-д босдог хэвээрээ биш биз дээ?

-Үгүй ээ. 05.15-д босож байгаа.

-Өө, үгүй байлгүй дээ.

-Тийм ээ.

Өдөр бүр үү?

-Өдөр болгон.

Долоо хоногийн долоон өдөр үү?

-Зургаан өдөрт нь. Харин бүтэн сайнд зургаа хүртэл унтдаг.

-Тийм эрт босоод тэгээд юу хийдэг юм бэ?

-Дасгал хийнэ. Эрч хүчтэйгээр шинэ өдрийг угтана.

-Хэр удаан?

-Нэг цаг хэртэй.

Өдий хүртэл ганц бие явсаар байгаагийн учир юу вэ?

-Хэн нэгэн эхлээд гэрлэх хүнээ олох хэрэгтэй биз дээ.

Танд тэгээд хэзээ ч тийм хүн таарч байгаагүй гэж үү?

-Мэдээж таарч байсаан.

Хэр олон удаа?

-Хэлмээргүй байна аа. Ер нь бол хамтдаа амьдарчихмаар тийм хүнтэй учрахгүй л явна даа. Гэрлэлт, гэр бүл гэдэг бол гайхамшигтай зүйл. Хэн мэдлээ. Хэзээ нэг өдөр гэрлэх ч юм бил үү.

-Итгэл найдвараа орхихгүй гэсэн үг үү?

-Мэдээж.

Үлгэрийн юм шиг гоё сайхан хурим хийж байна гэж мөрөөдөж байв уу?

-Үгүй дээ. Тийм зүйл надаас дэндүү хол.

Та романтик уу?

-Мэдээж.

Ямар байдлаар?

-Би романтик хөгжим, романтик кинонд дуртай.

-Таныг гэрийн ажил хийж байгаа эхнэрийн дүрээр огт төсөөлөхгүй байна аа.

-Эхнэр, нөхөр эрх тэгш байхыг би дэмждэг. Ээж, аав хоёр минь тийм байсан юм.

Гэхдээ л таныг гэрийн ажил хийнэ гэхээр сонин санагдаад байна.

-Үгүй дээ. Би хоол хийх дуртай шүү дээ.

-Тийм үү. Гарын хоол чинь?

-Шарсан тахиа.

-Нэг сайхан амрахаараа юу хийдэг вэ?

-Өдөржингөө л хөл бөмбөг үзнэ.

Нээрээ юү?

-Тийм ээ. Хэдэн цагаар ч хамаагүй.

Та ч ёстой мөрөөдлийн хүүхэн шиг сонсогдож байна даа. Тахиа шарна, хөл бөмбөг үзнэ. Гайхалтай.

-Тийм ээ. Гэхдээ би мөрөөдлийн залуугаа олоогүй л явна. Бид бүгдээрээ л мөрөөдлийн ханиа олохыг хүсдэг. Тийм биз дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж