Анх удаа орон сууц авахыг хэрхэн ойлгох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Анх удаа орон сууц авахыг хэрхэн ойлгох вэ?

“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээлийг олон нийтэд санал болгоод  байгаа. Гэвч үндсэн шаардлага дээрээ анх удаа орон сууц худалдан авах хүсэлт гаргаж байгаа иргэн хамрагдах боломжтой хэмээсэн атлаа өмнө нь аливаа байдлаар үл хөдлөхийн гэрчилгээн дээр нэр орж байсан бол “байртай байжээ” хэмээн үзээд энэ зээлд хамруулахгүй байна гэх гомдол иргэдээс ирсээр байна. Энэ дагуу хуульчдаас “анх удаа орон сууц худалдан авч байгаа” гэх ойлголтын талаарх хууль зүйн тайлбар авч, УИХ, Засгийн газрын төлөөлөгчдөөс үүсээд буй энэ маргааны талаар тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: БИ ГАЖУУДАЛ Л ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА

УИХ-аас зуун мян­ган ай­лын орон сууц барих ту­­­хай хөтөл­­­­­­­­­бө­­­рийг л гар­­­га­сан. Үү­нийг хэр­­­­хэн ямар жур­маар хэрэг­­­жүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ зургаан хувийн хүүтэй зээлэнд өмнө нь үл хөдлөхийн гэрчилгээн дээр хамт­ран өмчлөгчөөр бүртгэгдсэн бол хамрагдахгүй байгаа талаар гомдолтой хүмүүс байгаа юм билээ. Яах вэ, Засгийн газар зөвхөн гэр хорооллынхныг хамруулах гэсэн санаагаар ийм зүйл шаардаж байгаа байх. Гэхдээ л олон залуу гэр бүлийг энэ байдлаар ялгаварлаж байгаа бол гажуудал л гэж ойлгоно шүү дээ.

“Ньюпрокси” хуулийн фирмийн хуульч Ч.Баднайнямбуу: Худалдан авч байгаа гэдэг үгэнд учир бий

Худалдан авч байгаа гэдэг үг их ач холбогдолтой. Анх удаа байртай болж байгаа гэвэл нэг өөр утга илэрхийлнэ. Тэр хүн урьд нь байртай байсан байж болно, хэн нэгэн аав ээж эмээ өвөө нь бэлэглэсэн өвлүүлсэн байж болно. Харин анх удаа байр худалдан авч байгаа гэдэг нь тухайн иргэн өөрөө өөрийнхөө орлогоор худалдах худалдан авах гэрээний дагуу тодорхой төлбөр мөнгөөр байр өөрийн нэр дээр шилжүүлэхийг хэлж байгаа ойлголт. Анх удаа байртай болох гэж байгаа иргэн гэвэл урьд нь ямар ч хэлбэрээр байртай болж байсан бол байр авах боломжгүй гэж ойлгогдоно шүү дээ. Тухайн иргэний хувьд худалдан авч байгаа анхны байр нь байж болно шүү дээ. Угаасаа үл хөдлөх хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ бэлэглэлийн гэрээгээр авч байгаа юм уу, худалдах худалдан авах гэрээгээр авч байгаа эсэх хэлцлийн хэлбэрийг зааж шилжилтийг бүртгэдэг. Үгийн хувьд анх удаа байртай болж байгаа иргэн гэвэл харин ёстой ерөөсөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан түүхгүй нөхөр байх ёстой. Нэг зүйл нэмж хэлэхэд хэрвээ анх удаа байр худалдан авч байгаа иргэн гэж байгаа юм бол улсын бүртгэлийн лавлагаагаар  тухайн иргэн худалдах худалдан авах гэрээгээр байр өөрийн нэр дээр шилжүүлж байгаагүй гэсэн шаардлагыг л тавих ёстой.

“Бльюлав” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Бундмаа: Анх удаа орон сууцны өмчлөх эрх үүсч байгаа гэж ойлгоод байна

-Яг “Анх удаа худалдан авах гэдэг нь ийм зүйлийг хэлнэ” гэсэн то­дор­хойлолт ху­у­­­лин дээр байх­гүй. Гэхдээ ойл­гомжтой ойлголт. Худалдах ху­дал­дан авах тухай зо­хи­­­цуулалтыг Иргэ­ний хууль дээрх зохи­­­­цуулалтаас л харахад тодорхой харагдана. Худалдах, худалдан авах гэрээгээр  худалдагч  нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тухай л ойлголт.  Үл хөдлөх  эд хөрөнгө  өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн  газар  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгө авсан бол худалдан авсан гэж ойлгоно. Гэтэл орон сууц анх удаа худалдаж авч байгаа гэдгийг анх удаа орон сууцны өмчлөх эрх үүсэж байгаа гэж ойлгоод байгаа юм шиг байна. Угтаа бол анх удаа худалдаж авч байгаа гэдэгт бэлэглэлийн замаар болон өөр бусад аргаар тухайлбал, хамтран өмчлөгч болсныг тооцох ёсгүй шүү дээ.

ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн бол эхлээд хасалт хийлгэ

-Засгийн газар 200 тэр­бумын бондыг арай ядан гар­гуулчихаад орон сууцтай хүмүүс дахин орон сууц өгөөд байх нь харамсалтай биз дээ. Орон сууцанд байгаагүй хүмүүсийг эхний ээлжинд хам­руулах зорилгоор л анх удаа орон сууц худалдан авсан бол гэдэг шаардлагыг тавьж байгаа. Засгийн газраас энэ дагуу л журам гарсан. Таныг байртай эсэхийг тогтоох ганц арга нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын бүртгэл дээр л тулгуурлахаар байгаа. Энэ газраас л лавлагаа гаргаж байж өмнө нь байр худалдан аваагүй гэдгийг чинь мэднэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгнийг байр сууцтай гэдгийг тогтоох гээд орон байраар нь очоод шалгаад яваад байх боломж байхгүй. Аав ээжийнхээ гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа бол тэр өмчлөлөөсөө хасалт хийлгэ. Тэгээд дараагаар нь лавлагаагаа гаргуул.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж