Нийгмийн гишүүдийг нэг дүрмээр нэг гортиг дотор харилцан ойлголцож амьдрах боломжийг өгч, хүнлэг эмх журманд хашиж байдаг тэдгээр чухал ойлголтуудыг эс зөвшөөрсөн, үл хүндэтгэсэн алхмыг хийснээрээ “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн албан тушаалтнууд олны дунд “бөмбөг” тэсэлчихлээ.
Долдугаар сарын 1-нд иргэдийг хэн буудсан юм бэ? Энэ асуултад хариу өгнө гэсэн хүлээлт дунд, олны анхаарлын төвд байсан шүүх хурлын явцыг тэд тасалдуулж, цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг бүдүүлгээр эсэргүүцсэн нь араасаа олон асуулт дагууллаа. Тэдгээрийн нэг нь “Монгол Улсын шүүх шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэв үү” гэсэн асуулт юм.
Уг нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх, эс хүлээн зөвшөөрөх нь гаж буруу зүйл огт биш. Харин ч хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн дэс дараалал, давж заалдах горим журамтай зүйл юм. Шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа бол хуулийн дагуу дагуу гомдол, хүсэлтээ гаргах ёстой атал шууд л шүүхийн танхимд шүүгчийг нь боогоод унагах байдлаар илэрхийлж болохгүй гэсэн үг. Чухам ийм байдлаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээрээ тэд энэ удаад маш ноцтой алхам хийлээ.
Долдугаар сарын 1-нд цагдаагийн албан хаагчид иргэдийг буудаж, заримынх нь амь насыг хороосон нь үнэн үү, худал уу гэдгийг шүүх тогтоохоос өмнө нийгэм тэднийг эчнээ яллачихаад байгаа нь тусдаа асуудал. Харин тэд шүүх засаглалыг басамжилж буй мэт хандлага гаргасан нь мөн тусдаа асуудал юм.
Энэ хэрэгт шүүгдэгчдийн зүгээс “өмгөөлөгч гадаад явсан, хуралдаан давхацсан, өвдсөн” зэрэг шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн. Цаашид хэдий болтол ингэж асуудлаас бултах гэсэн юм бол? Энэхүү хэрэг явдлын үнэнийг олж, цагдаа биш юм бол тэгээд хэн иргэдийг буудсаныг зайлшгүй олж тогтоох ёстой. Зөвхөн цагдаа нарыг яллахын тулд шүүх ажиллаж байгаа биш шүү дээ.
Хэрэв энэ удаад шүүх уг асуудлын үнэн мөнийг олж чадахгүй бол… Иргэдээ буудан хороосны хариуцлагыг хэн ч хүлээхгүйгээр бүгд “энхийн цагаан тагтаа” болж нисвэл Монголын нийгмийг жинхэнэ сүүдэр дайрах аюултай. Дараагийн удаад дахиад тийм явдал болбол цагдаа ч бай жагсагч ч бай ялгаагүй монгол хүний амь нас хохирлоо гэхэд бас л хэнд ч хамаагүй, өмнөөс нь хэн ч хариуцлага хүлээдэггүй хэтэрхий энгийн үзэгдэл болж хувирна. Ийм учраас л долдугаар сарын 1-ний хэрэг шүүхийн танхимд шийдэгдэх болсныг монголчуудын олонх нь дэмжиж байгаа.
Гэхдээ цагдаа нарыг шүүхийн эсрэг байгаа, тэр байтугай хохирогчид “танхай балмад дээрэмчид” байсан учраас буудсан нь зөв гэж үздэг тодорхой хэсэг бүлэг байгаа нь ч үнэн. Тэгвэл цор ганц үнэн зүйл гэвэл хэнийх байх нь хамаагүй хүний амь л бол амь. Баян хүний амь нас л амь нас байгаад ядуу хүнийх болохоор үнэ цэнгүй юу ч биш гэж үзэж болохгүй биз дээ?! Гэм буруутай байсан ч хамаагүй тэр хүний амь насыг хууль, шүүхийн шийдвэргүйгээр хөнөөж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүний амийг дураар хөнөөсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг шүүх ганцхан үнэн нь энэ.
Харин “долдугаар сарын 1-ний жагсаал цуглаан, үймээн самууныг эхлүүлсэн, өдөөсөн гэм буруутныг тогтоож, тэдэнд л хүн буудсан хэргийг үүрүүлэх ёстой” гэх утгатай байр суурь илэрхийлж байгаа цагдаагийн албан тушаалтнуудад /шүүгчдэгчдэд/ хэлэх нэг үг байна. Тэр өдөр иргэд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж тийнхүү жагссан юм шүү. Төрийн эрхийг хэнээс хэнд шилжүүлэхийг энэ улс оронд иргэд нь чөлөөт сонгуулиар шийддэг. Сонгох эрхийнхээ төлөө иргэд жагсах, цаашилбал тэмцэх эрхтэй. Үүнийг иргэдийн хууль ёсны ашиг сонирхол гэж хүндэтгэн үзэж, үүнийх нь төлөө тэднийг буудаж хороосны хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой. Үүнд та бүхэн буруугүй бол буруутныг олоход туслах үүрэгтэй биш үү? Үнэн мөнийг тогтоож, шүүн таслах үүрэгтэй ШҮҮХ-ийг хүндэтгэхийн учир нь үүнд бий. Сүүлийн дөрвөн жилд нийгмийн хуваан талцуулж, улстөржүүлэн хэрэлдүүлж байгаа долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шүүж, асуудлыг хурдхан нэг талд гаргаасай гэж олон ч хүн хүлээж байгаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй” мөн “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг зөвхөн дээд шатны шүүх дүгнэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн байгууллага биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхээс татгалзаж, зохион байгуулалттай эсэргүүцэхээ мэдэгдсэн Монголын цагдаагийн байгууллага юу хийчихэв ээ? Хууль сахиулагч, цагдаагийнхан энэ үйлдлээрээ Монголын нийгмийг хааш нь юу руу чирч яваагаа ухаарч байна уу гэж асууя. Эгзэг нь таарвал хулгана зааныг чирээд нүх рүү унагачихдаг юм гэсэн.