АНУ-ын Пенсильвани дахь цөмийн станцад 1979 оны гуравдугаар сарын 28-ны үүрээр осол гарсан бөгөөд тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс, техникийн алдаанаас болж, цөмийн тогооны түлшийн нэгэн хэсэг нь урвалд орж, 10 цагийн дараа анхны дэлбэрэлт болсон боловч төдий л их хохирол учруулаагүй байна. Цөмийн түлш бүтэцийн элементүүдтэй нийлж, цөмийн тогооны ероолд хуримтлагдсан боловч тогооны ёрөөлийг цөмлөн цоолж чадаагүй тул цацраг идэвхт бодис агаар мандалд цацагдалгүй хохирол багатай гарсан байна.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн цөмийн станцад гарсан ослын үеэр цөмийн нэг тогоо дэлбэрч, 2000 тн жинтэй цементен таглааг эвдлэн шидсэн тул цөмийн тогоо агаарт ил задгай болж, цацраг идэвхт бодисыг агаарт шууд цацах аюулыг бий болгожээ. Энэ үеэр цацраг идэвхт бодис агаар мандалд 1200 м хүртэл цацагдсан гэсэн судалгаа гаргажээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн тавдугаар сарын дунд үе хүртэл цацраг идэвхт үүл европийн ихэнх орнуудын агаар мандалд тархсан байна.
Three Mile Island-ийн станцад дэлбэрэлт гарахад хүний амь нас эрсдээгүй боловч 2 сая орчим хүн бага зэргийн цацраг идэвх туяаны хордлого авч байсан бол Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд НУБ-аас гаргасан тоо баримтаар 4000 хүн амь үрэгдсэн гэдэг. Гэвч засгийн газрын бус байгууллагууд нас барагчдын тоог хэдэн арван мянгад хүрсэн тооцоо гаргасан байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг