“Сонгуультай цуг санал асуулга явуулъя гэсэн”

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Сонгуультай цуг санал асуулга явуулъя гэсэн”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейханыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа. Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Төсвийн тодотголын төсөл, УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх талаар саналаа хуваалцсан юм.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганаар Төсвийн тодотголыг бат­лаад удаагүй байна. Удахгүй энэ мөнгө иргэдийн гар дээр очно. УИХ-ын дарга “Цалин, тэтгэвэр нэмбэл инфляци хөөрөгдөнө гэсэн айдас бий. Гэхдээ зөв зохицуулалт хийвэл айгаад байх зүйлгүй” гэж байсан. Тэрхүү зөв зохицуулалт нь юу байх ёстой юм бэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг шийдсэн. Цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмнэ. Улмаар тавдугаар сарын 1-ээс нэмсэн цалингаа 23 хувиар өсгөх юм. Тэтгэврийн хувьд эхний ээлжинд 35 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дараа нь тавдугаар сарын 1-ээс нэмэгдсэн тэтгэврийг дахин 20 хувиар өсгөнө. Нийт дүнгээрээ төсөвт 172 мянган төгрөг нэмэгдэж байгаа. Гэхдээ төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд нэг их өөрчлөлт орохгүй. Хэвийн хэмжээнд байгаа гэж хэлж болно. Үүнээс гадна Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг баталсан. Үүнд 67 тэрбум орчим төгрөг зарцуулна. Энэ хөрөнгө 2012 төсөвт суучихсан байсан л даа. Тиймээс төсөвт дарамт болохгүй байх.

-Инфляцид нөлөөлөхгүй гэж үү?

-Инфляцид нөлөөлөх аюул байхгүй. Нийт төсөв маань зургаа гаруй их наяд төгрөг байгаа. Төсвийн тодотголоор баталсан 172 тэрбум төгрөгийг бөөнд нь нэг өдөр өгөх гэж байгаа хэрэг биш шүү дээ. Сар, сард нь цувуулж өгнө. Тиймээс УИХ-ын дарга аюулгүй гэдэг үүднээс тэгж хэлсэн байх.

-Цалин, тэтгэвэр нэмэгдэх сур­гаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм биш үү?

-Цалингийн өсөлт инфляцид нэг их нөлөөлдөггүй шүү дээ. Харин өргөн хэрэглээний барааны үнэ л инфляцид нөлөөлдөг.

-Жишээлбэл, махны үнэ их хэмжээгээр нэмэгдэж байгаа?

-Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн төрийн бодлого бий. Махны үнэ улирлаар хэлбэлздэг тал бий л дээ. Гэхдээ махны үнийг барих боломж байна гэж би хувьдаа болдог.

-Яаж?

-Монгол Улс 36 сая малтай. Хамгийн ихдээ жилд 7-8 сая мал идшиндээ хэрэглэж болно. Үнэ өсөж байгаа нь зохион байгуулалтын тал дээр л алдаад байгаатай л холбоотой.

-Яг ямар зохицуулалт хийх  ёстой гэж?

-Махны нөөцийг заавал агуулахад хадгалах хэрэг байна уу. Махыг айлууд өөрсдөө нөөцөлж болно. Айл өрхүүд долоон сар хүртэл махаа хадгалахад нь төрөөс дэмжлэг үзүүлж болно. Энэ бол энгийн л нэг  жишээ. Өөр олон арга зам бий. Малчны гараас гарсан мах маш олон шат дамжлага дамжиж байж иргэдийн гар дээр ирдэг. Эрэлт, нийлүүлэлтийн харьцааг зөв зохион байгуулахад анхаарах ёстой. Түүнээс бус махны үнэ ийнхүү өсөж байгаа нь Монгол Улс мал багатайнх биш шүү дээ.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж чадсангүй. УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлаар зөвшилцөж чадах нь уу?

-Орон нутгийн хурлын сон­гуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бол ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой таван асуудлын нэг байсан. Гэхдээ  хуулиа баталж чадсангүй.

-Зөвшилцөх ажлын хэсэг ямар үр дүнд хүрсэн юм бол?

-Ардчилсан нам, Ардын намын бүлгийн тав, таван гишүүнээс бүрдсэн зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан байгаа шүү дээ. Энэ  ажлын хэсэг “УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулахгүй байх нь зүйтэй юм байна. Төрийг байгуулах сонгууль, өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийг холих ёсгүй. Хоёр сонгуулийг хамтад нь явуулах хүн хүч, техникийн бо­лолцоо ч байхгүй юм байна. УИХ-ын 2012 оны сонгуулийг шинэ тог­толцоогоор явуулах гэж байна. Харин орон нутгийн сонгуулийн зарим са­налыг гараар тоолохоор болсон. Энэ мэтчилэн маш олон зөрчил гарч байгаа” гэж үзсэн юм билээ.

-Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Хамгийн гол нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатгавал Үндсэн хууль зөрчихөөр байгаа. Үндсэн хуульд “Орон нутгийн хурлын бүрэн эрх дөрвөн жилээр дуусгавар болно” гэж заасан. Орон нутгийн хурлын сонгуулийг 2008 онд аравдугаар сард хийж байсан. Гэтэл одоо зургаадугаар сард хийх ёстой болчихоод байдаг. Тэгэхээр бүрэн эрхийнх нь хугацааг дөрвөн сараар наашлуулах гээд байгаа биз. Энэ мэтээр хамтатгаж болохгүй олон шалтгаан харагдаад байгаа юм. Үүнийг харгалзан үзээд хамтарсан ажлын хэсэг “Хоёр сонгуулийг салгаж явуулъя” гэж дүгнэсэн талаараа гишүүдэд товч мэдээлсэн юм. 

-Ардчилсан намын бүлгийнхэн  ээлжит бус чуулган завсарлах хүртэл “УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах ёстой” гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байсан шүү дээ?

-УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг л ийм дүгнэлт хийсэн гэсэн үг. Орон нутгийн удирдлагын сонгуультай холбоотой гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл бий. Сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчийг намаас бус иргэдээс нэр дэвшүүлэх, сумын Засаг даргыг нийт сумын хэмжээнд сонгууль явуулж байж гаргах тухай асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан. Бид одоо “Сумын Засаг дарга ИТХ-ын төлөөлөгчдийнхөө барьцаанд байна” гэж ярьдаг. Энэ үнэн. Огцрохгүйн тулд тэдний эрх ашгийн төлөө л ажилладаг. Харин нийт сумын хэмжээнд сонгууль явуулбал энэ байдал үгүй болно.

-Аймгуудын Засаг дарга нарыг сонгох асуудлыг хэрхэх юм бэ?

-Аймгуудын Засаг даргыг айм­гийн ИТХ-ын төлөөлөгчидтэй зөв­шилцсөний үндсэн дээр Ерөнхий сайд томилох талаар хуулийн төсөлд тусгасан. Харин багийн Засаг даргыг иргэд сонгодгийг болиулж сумын Засаг дарга томилох асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийн төслийг батлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм л даа.

-Ямар өөрчлөлт?

-Энэ оны зургаадугаар сард болох УИХ-ын 2012 сонгуультай хамтатган Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга хийнэ гэж ажлын хэсгээс шийдсэн юм билээ.

-Ардын намын хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах болов уу?

-Ажлын хэсгээс энэ асуудлыг хоёр намын бүлгийн хуралдаан дээр ярь гэсэн. Ардын намын бүлгийн хувьд дэмжсэн. Харин Ардчилсан намын бүлэг орон нутгийн удирдлагуудыг урьж дахин ярилцая гэсэн чиглэлтэй байгаа бололтой. Гэхдээ хүлээж авахгүй л бололтой юм уу даа. Энэ асуудлыг шийдэж чадалгүй ээлжит бус чуулган тарсан.  Ер нь бол хууль зөрчих үү гэдгийг л харгалзан үзэх ёстой. Түүнээс бус аль нэг нам нь ялна, ялагдана гэсэн үүднээс асуудалд хандаагүй байх. 

-Ардчилсан намын бүлгээс “Ардын намынхан УИХ-ын сонгуульд ялагдвал орон нут­гийн сонгуульд өрсөлдөнө гэж тоо­цоолоод тусад нь явуулахаар зүт­гэж байгаа” гэж  байгаа шүү дээ?

-Манай намын бүлгээр УИХ, орон нутгийн сонгуулийн хамтатгах эсэхийг хэлэлцэхдээ нэн түрүүнд Сонгуулийн ерөнхий хорооныхны саналыг асуусан. Тэд “Боломжгүй” гэсэн. Сонгуулийн ерөнхий хо­рооныхон л болно, болохгүй гэж хэлэхээс бус нам үүнийг дангаараа дүгнэх ёсгүй. Түүний дагуу л ийм шийдвэр гаргасан. Гэхдээ дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар энэ талаар хэлэлцэж, тохиролцох байх.

-Үндсэн хуулийн Цэц Сон­гуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах тухай заалтыг хориглоно гэсэн яриа гишүүдийн дунд байна?

-Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодруулахаар зарим иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц энэ дагуу маргаан үүсгэж хэлэлцэхээр болсон юм билээ.

-Энэ заалт Цэц дээр унах нь тодорхой байгаа юм биш үү?

-За яах вэ. Тиймэрхүү таамаг л гарч байгаа байх. Үндсэн хуулийг харж, хамгаалж байгаа хүмүүс нь шийдвэрээ гаргасны дараа ярих нь зүйтэй болов уу. Ер нь бид Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхдаа энэ асуудлыг ярьж л байсан. “Сонгуульд ороод ялагдсан хүн 28-ийн өмнө жагсаж УИХ-д суух нь зохимжгүй” гэж. Миний хувьд одоо ч гэсэн энэ байр суурь дээр байдаг. Гэхдээ олонхиороо баталсан учраас шүүмжлэх боломж алга.

-Танай намд ямар ч тохироо хийгдээгүй байгаа гэсэн үг үү. Тухайлбал, Баян-Өлгийг төлөөлж буй гурван гишүүний хэнийг нь 48-д нэр дэвшүүлж, хэнийг нь 28-д жагсаах гэж байгаа бол?

-Тэрийг мэдэхгүй юм. Үүнийг хувь хүн өөрөө хэлэх боломж бага. Нам л шийднэ. Олон санал асуулга, тандалт, судалгаа явагдах байх.

-Ер нь Ардын намын дотоодод юу болоод байна вэ. Намынхаа удирдлагуудад, гаргаж буй шийд­вэр, бодлогод сэтгэл дундуур байгаа гишүүд фракци байгуулах гэж байх шиг байна?

-Манай намын гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандах үе бий. Байдаг л зүйл. Байх ч ёстой. Гэхдээ эцэст нь олонхиороо шийдвэрээ гаргаад явдаг. Харин нам дотор маргаан, хэрүүл, хагарал үүссэн зүйл байхгүй гэж би хувьдаа бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж