Ажилгүй иргэдийг ажилтай болговол төрөөс дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Ажилгүй иргэдийг ажилтай болговол төрөөс дэмжинэ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өнөөдөр  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байна. Эрхэлсэн ажилгүй байгаа 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байхаар уг төсөлд  тусгасан байна. Судалгаанаас үзэхэд дээрх насны хүмүүс ажилгүйдэлд өртөх нь их, ажил олгогчид ч эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах сонирхол багатай байдгийг гишүүд онцолжээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн авч ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авч байгаа бөгөөд залуучуудыг дэмжихэд зориулан мэргэжил олгох сургалтад хамруулах, МСҮТ-үүдэд тэтгэлэгтэйгээр суралцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугмаар тодорхой хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж байгаа талаар дурджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 700 гаруй мянган иргэн байдаг байна. Нийгмийн даатгалын санд нэг жилд нийтдээ 500 гаруй мянган тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагийн 260 гаруй тэрбумыг нь ажил олгогчид төлдөг аж. Нийт шимтгэл төлөгчдийн гуч орчим хувь нь дээрх насны буюу 35-аас дээш насны эмэгтэй, 45-аас дээш насны эрэгтэй байдаг байна.

Хуулийн төсөл санаачлагчид ажил эрхлэх хүсэлтэй иргэдийг насны бүлгээр ялгаварлан гадуурхахыг хориглох, ийм үйлдэл гаргасан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэж байхаар Хөдөлмөрийн хуульд холбогдох өөрчлөлт оруулах төслийг мөн санаачилжээ. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүд уг зохицуулалтыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх нь зүйтэй гэж үзжээ.

Маргааш 10.30 цагаас Төрийн ордонд уг хуулийн төслийн талаар гишүүд хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарлаад байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж