Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт тооллогын бэлтгэл, гишүүдийн чиг үүрэг, ажиллах журам, арга зааварчилгаа, мэдээлэл сурталчилгааны талаар чиглэл өгч, гишүүдэд тодорхой үүрэг даалгаврыг өглөө.
Уг тооллого нь аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгож, улмаар статистикийн судалгаа, шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой. Манай улс аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг анх 1991 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1994,1998, 2006 онд улс орон даяар явуулж байсан. 2006 оны явуулсан тооллогод Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 34,8 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагаас гадна 52,9 мянган аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж байсан. Уг тооллогоос хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын бүтэц, цар хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд ихээхэн өөрчлөлт гарсан нь харагдаж байдаг гэж Сангийн яамнаас мэдээллээ.