УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өөрийн авсан гэрэл зургуудаараа “Монголдоо сайхан аялцгаая” үзэсгэлэн гаргах гэж байна. Энэ сарын 19-ний 11.00 цагаас СТӨ-ний Уран зургийн галерейд нээгдэх уг үзэсгэлэн 25-ныг хүртэл үргэлжлэх юм.
Н.Алтанхуяг гишүүн амралт чөлөөт цагаараа Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах хоббитойгоос гадна мэргэжлийн гэрэл зурагчнаас дутахааргүй гэрэл зураг дарж хувийн фонддоо хадгалдаг аж. Хүүгээ ч уруу татаж гэрэл зурагт хорхойтой болгожээ. Мөн АН-ын гишүүдээ дагуулан ууланд авирах, байгалийн үзэсгэлэнт газраар аялах дуртай. Н.Алтанхуяг гишүүн өөрийн авсан гэрэл зургуудаараа 2012 онд календарь хэвлүүлжээ. Үүнд Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хэнтий Дорнод, Төв аймгийн үзэсгэлэнт байгалиуд багтсан байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр улстөрч, урлаг соёлынхноос гадна фото сонирхогчдыг нэгтгэн Монголоо сурталчилсан томоохон хэмжээний цугларалт болох ажээ.
Д.ОЮУН