“Их долоо”-гийн уулзалтаар супер орнууд гамшгийн дараах хямралыг даван туулахад Японд дэмжлэг үзүүлж, иений өсөлтийг тогтоон барихад хамтарч ажиллахаа мэдэгдсэний дараа үнэт цаасны ханш гурван хувиар өсч, иений ханш буурсан байна. Улс орны мөнгөний зах зээлд хөндлөнгөөс оролцох энэ үйл явдал 2000 оноос хойш гараагүй аж. Супер орнууд тогтворгүй байгаа дэлхийн санхүүгийн зах зээлд хамтарч ажиллахаа мэдэгдсэний дараа Токиогийн үнэт цаасны зах зээл нээгдсэн даруйд ам.долларын ханш гурван хувиар буурчээ. Нэг ам.доллар өнөөдрийн байдлаар 81.15 иентэй тэнцүү байна. Японы Төв банкны арилжаалагчид ам.доллар худалдаж авч эхэллээ. Зах зээлийн ажиглагчид ам.доллар 80 иен болтол буурна гэж таамаглаж байна. “Яг одоо Японы Төв банк болон ажиглагчдын хооронд сэтгэлзүйн дайн өрнөж байна” гэж Mitsubishi Morgan Stanley Securities-ийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Norihiro Fujito ярьжээ. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш тогтмол 10 хувьтай байсан Nikkei үнэт цаасны ханш дунджаар 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Иений ханшаас үүдэн ашиггүй болсон экспортын компаниудын үнэт цаас дахин сэргэж эхэллээ. Tokyo Electron 3.4 хувиар, TDK гурван хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хөрөнгө оруулагчдын санааг хамгийн ихээр зовоож буй зүйл нь одоо цөмийн эрчим хүчний алдагдал, газар хөдлөлт, цунамид өртөж сүйдсэн эрчим хүчний саатал үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал. Одоогоор Японы засгийн газраас 10 жилийн хугацаатай гаргадаг бонд 139.55 хүрч 0.15 хувиар буураад байна. Газар хөдлөлтийн гамшиг үнэт цаас болон форексын зах зээлд Японы Засгийн газрын бондноос илүү хурцаар туссан гэж эдийн засагчид үзэж байна.
Н.Энх