Ц.Мөнх-Оргилын “улстөрчийн” нас

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргилын “улстөрчийн” нас

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүний амь насыг хохироосон хэрэгт шалгагдаж буй цагдаагийн ажилтнуудын хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал ойртох тусам тухайн цагт хашиж байсан албан тушаалаараа уг хэрэгт холбогдож буй хүмүүс, нэр төртэй улстөрчид барьц алдан, өөрсдийнх нь хэлснээр “нууцад хамаарч” байсан мэдээллүүдийг задалж эхэлсэн билээ. Анх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, түүний дараа болсон УИХ-ын нөхөн сонгуулийн дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нарын хооронд эхэлсэн энэ мэтгэлцээн одоо эцсийн шатандаа орж, өндөрлөх цаг ирлээ. Гэхдээ шүүх хурал товлосон хугацаандаа хуралдаж, шүүх шийдвэрээ гаргаж чадвал шүү дээ. Харин чадахгүй бол энэ маргаан ирэх сонгуулийг дуустал үргэлжилж мэднэ.

Хэрэг гарах үед улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа /өмнө нь ч удаа дараа мэдэгдэж байсан мэдэгдлээ энэ удаа дахин баталгаажуулсан хэрэг/ “ҮАБЗ-ийн хурал дээр гал нээх тухай асуудлыг огтхон ч яриагүй, гал нээж болохгүй гэдгийг л цаг ямагт анхааруулж байсан” гэсэн билээ. Гэвч энэ хурал дээр яригдсан асуудал нууцын зэрэглэлд хамаарч байгаа тул дэлгэх боломжгүй олон баримтуудыг хадгалж яваа гэдгээ ч маш сайн тайлбарласан. Тэгээд тухайн үед Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн хяналтаас гадуур өгсөн “гал нээх” тушаалыг хэн өгсөн байж болох тухай гэрчийн мэдүүлгийг “Зөвхөн нээлттэй болох шүүх хуралдаан дээр л өгнө” гэдгээ сүүлийн өдрүүдэд зурагдсан пянз шиг л давтаж байгаа. Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн байна лээ. Эндээс харвал түүнд нэг бол энэ хэрэгтэй холбоотойгоор маш их айдас байна, үгүй бол хэн нэгнийг хөлдөө чирж унахыг маш ихээр чармайж байна.

Түүний хэлсэнчлэн тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан МАХН-ын дарга С.Баяр “Онц байдал зарлаад өгөөч ээ” хэмээн Ерөнхийлөгчөөс маш олон удаа шаардаж байсан гэдэг. Энэ нь “Тэр нөхөр л буудахад бэлэн байсан юм шүү” гэсэн давхар ухуулга. Тэгээд ч Онц байдал зарласны дараа ч гэсэн “хэн нэгэн” хүн “Буудах тушаалаа өгөөч ээ” хэмээн удаа дараа шаардаж байсан тухай мань хүн санаатай, санамсаргүйгээр ам алдаж, тэр нь “С.Баяр л юм байна” гэсэн гаргалгааг олон нийт аль хэдийнээ хийгээд байгаа билээ. С.Баяр шартай, шазууртай нэгэн учраас магадгүй гэж.

Хачирхалтай нь Ерөнхийлөгч асан тэр үед Онц байдлын штабыг хэрхэн байгуулсан, хэнээр удирдуулсан тухайгаа огт дурсдаггүй юм. Уг нь бол цагдаагийн удирдлагыг томилдог, цагдааг хариуцдагийн хувьд чиг үүргийн дагуу Ерөнхий сайд Онц байдлыг штабыг удирдах ёстой юм гэсэн. Харин яагаад ч юм тухайн үед Онц байдал зарласан Ерөнхийлөгч маань Ерөнхий сайдыг алгасч тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайдаар Онц байдлыг штабыг ахлуулсан байдаг юм. Энэ тохиолдолд С.Баяр гэдэг хүн хэн ч биш, зүгээр л иргэн С.Баяр болж, шийдвэр гаргах бүх эрх мэдэл зөвхөн Ц.Мөнх-Оргилд шилжиж байгаа юм. Онц байдлын тухай хуулиараа. Яагаад чухам Ерөнхий сайддаа итгээгүй вэ гэдэг асуултад тэр одоо хэр нь хариулаагүй л байгаа.

Харин өнгөрсөн урван жилийн турш Н.Энхбаяр, С.Баяр нарын бие бие рүүгээ нүүлгэсэн дарьтай торхнууд дунд гэм зэмгүй сугарч үлдсэн ганц хүн бол тухайн үед Онц байдлын штабыг ахалж ажилласан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил. Гурван жил гаруйн хугацаанд ам чанга явсан энэ эр саяхан нэг удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цагдаагийн дарга нар үүргээ биелүүлсэн, гэм буруугүй” гэж хариулаад зогсохгүй цааш нь “Энэ хэрэг миний улстөрчийн рейтингэд нөлөөлөх эсэхийг ирэх сонгуулиар л харья л даа” хэмээн мөрийцсөн байна лээ. Мөн бүдүүн зүрхтэй эр ээ.

Түүний ярьж буйгаар цагдаад ҮАБЗ-ийн гишүүдээс хэн ч буудах тушаал өгөөгүй, цагдаа ч тушаал зөрчөөгүй, амиа алдсан таван иргэн цагдаагийн суманд оногдсон эсэхийг нотлох баримт ч байхгүй. Ерөнхийдөө аминаасаа уйдсан таван нөхөр л долдугаар сарын 1-ний шөнө цагдаагийн сум тосч гүйгээд амиа хорлосон маягтай мэдээллүүдийг тэр удаа дараа хийж байгаа билээ. Харин одоо болох гэж байгаа шүүх хурал энэ тэр бол улс төр хийж нэр хүнд олох гэсэн хэсэг нөхдийн явуулга гэсэн байна лээ.

Таван хүний амь хөнөөсөн хэрэгт цагдаагийн албан хаагчдыг шалгаж эхэлснээс хойш л “Цагдаа үүргээ гүйцэтгэсэн” хэмээн өмөөрч, “Цагдаагийн ар гэрийн холбоо” гэгчийг байгуулан хуулийн байгууллагууд руу шантааж хийж /тэд нь бүр хэрэг татаж шалгасан прокурорыг хүртэл барьцаалж байсан удаатай/ эхэлсэн түүний хувьд энэ зэргийг мэдэгдэл юу ч биш байх л даа. Гэхдээ энэ бүх мэдэгдлүүдээс хамгийн эмгэнэлтэй хийгээд эгдүүцэлтэй нь “ирэх сонгуулиар рейтингээ харна аа” гэсэн тавлал.

Уг нь бол Ц.Мөнх-Оргилыг анх улс төрд оруулж ирэх, Хууль зүйн дотоод хэргийн сайдад томилохдоо нам нь “Харвард төгссөн түүн шиг хуульч манай намд өөр байхгүй. Баруунд боловсрол эзэмсэн манай шилдэг сэхээтэн” энэ тэр гэж эвээ олохгүй магтаж байсан билээ. Гэвч хүний үнэлэмж гэдэг эзэмшсэн боловсрол, олж авсан мэдлэгээс нь огт шалтгаалахгүй байж болдог гэдгийг өнгөрсөн дөрвөн жил шахмын хугацаанд Монголын нийгэм түүнээс л олж харсан юм.

Үнэндээ тухайн үед эрх барьж байсан нам ч, эрх мэдэл дээр сууж байсан албан тушаалтнууд ч хэн нь ч гэсэн долдугаар сарын 1-ний үйл явдал, таван хүний амь хохирсон хэргийн төлөө уучлал гуйгаагүй. Тэр байтугай УИХ дээр орж ирсэн уучлал гуйх тухай тогтоолыг намын бүлгээрээ хэлэлцээд, нулимаад унагаж байсан билээ. Монголын төрийн нэрийн өмнөөс иргэдээсээ уучлал гуйх Ц.Элбэгдоржийн сонголтыг МАН-ын бүлэг олонхиороо унагаж байсан. Гэвч тэгсэн тэгээгүй тэр үүнийг хийж чадсан л даа. Харамсалтай нь адилхан Харвард төгссөн Ц.Мөнх-Оргилын хувьд Онц байдлын штабыг удирдаж байсан хариуцлага ч, энэ үйл явдлын улмаас амиа алдсан таван хүний амь нас ч, төр нь иргэдийнхээ эсрэг буу шагайсан энэ аймшигт хэргийн улмаас сэтгэлдээ гүн шархтай үлдсэн тэдний ар гэр, Монголын нийгмийг тэр аяар нь эзэлсэн айдас хүйдэс ч юу ч биш болж таарч байна.

Гэвч үнэнийг хэлэхэд, хэрвээ улстөрч хүнд улс төрд он удаан жил амьдрах нас гэж байдаг бол түүний хувьд энэ нь долдугаар сарын 1-ний хэрэг, таван хүний амь настай хамт дууссан. Тэр өөрөө ч гэсэн энэ цочроог аваагүй гэж үү.

Б.СЭМҮҮН 
           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж