Экспортын 92,1 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Экспортын 92,1 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна

Манай улс 2010 оны эхний улиралд нийт 45 оронд экспорт хийжээ. Экспортын 85.7 хувийг БНХАУ-тай, 5.8 хувийг Канад улстай, 3.2 хувийг ОХУ-тай, 1.3 хувийг ХБНГУ-тай, 0.9 хувийг Итали улстай, 1.0 хувийг БНСУ-тай, 0.3 хувийг Их Британи улстай хийсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.
  2010 оны эхний улиралд экспортын үнийн дүнгийн 92.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
  Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй  харьцуулахад 271.1 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 4.4 сая ам.доллараар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 3.4 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 1.5 сая ам.доллараар тус тус өсч, харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 97.8 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 5.5 сая ам.доллараар, хими, химийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар буурчээ.
  Нийт экспортод зэсийн баяжмал 36.6 хувь, нүүрс 18.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 7.9 хувь, боловсруулаагүй нефть 7.9 хувь, төмрийн хүдэр 7.4 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 5.7 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.6 хувь, молибдений хүдэр, баяжмал 2.1 хувь, самнасан ноолуур 1.1 хувь,  бусад бүтээгдэхүүн 10.0 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 33.5 пунктээр, самнасан ноолуурынх 1.8 пунктээр, молибдений хүдэр, баяжмалынх 0.7 пунктээр тус тус буурсан бол зэсийн баяжмалын эзлэх хувь 11.3 пунктээр, нүүрснийх 12.9 пунктээр, цайрын хүдэр, баяжмалынх 5.4 пунктээр, боловсруулаагүй нефтийнх 5.7 пунктээр, төмрийн хүдрийнх 3.6 пунктээр, жоншны хүдэр, баяжмалынх 0.5 пунктээр тус тус өсчээ.   Экспортын барааны 99.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.1 хувийг гадаадын захиалагчийн материалаар хийсэн болон бусад бараа эзэлж байна
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж