ОУВС Монголын эдийн засгийн өсөлтийг тооцоолов

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

ОУВС Монголын эдийн засгийн өсөлтийг тооцоолов

ОУВС Монголын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд хоёр оронтой тоогоор нэмэгдэж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2000 ам.доллараас дөрөв дахин өснө гэж тооцоолж байна. Ингэж таамаглах болсны гол учир нь говьд хэвтээ тэнхлэгт байршилтай асар их нөөцтэй хоёр ордод оршиж буй. Монголын Засгийн газар стратегийн хоёр том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдээр цангаж байдаг Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Монголын Засгийн газар Оюутолгой төслийн гуравны нэг хувийг эзэмшиж, зугуухнаар ашиг хүртэж буй ч уул уурхайн гэнэтийн их ашиг сүйрэл дагуулж мэднэ гэх эдийн засагчид ч байгаа юм.  Хэрэв хээл хахууль, сонгуулийн амлалт, Засгийн газрын хэт үрэлгэн зардал энэ хэвээр үргэлжилбэл инфляци тэнгэрт хадна гэж ажиглагчид бичиж байна. Нөгөө талаар эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай болчихвол Монгол улс үнийн хөөрөгдөлд автаж, зах зээл тогтворгүйжих аж. Анхаарлын төвд буй өөр нэг асуудал нь төсвийн бодлогын хүрээнд түүхий эдийн үнийг зохицуулах санхүүгийн тогтвортой байдлын хууль боловсруулах болж байна. Түүхий эдийн үнэ тогтоосон индексээс илүү гарвал илүүдэл ашиг тогтвортой байдлын санд орно. Харин үнэ унавал Засгийн газар  үүнийг толгойгоор хариуцах аж. Эдийн засгаа дан ганц уул уурхайгаас хамааралтай болгочихгүйн тулд урган гарч ирэх эрсдэлээс сэргийлж Монголын Засгийн газар аялал жуулчлал, санхүү, аутсорсинг зэрэг салбарыг хөгжүүлэхээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн тухай гадны эх сурвалжууд мэдээлж байна.

Нүүрс, газрын ховор элементын хамгийн том хэрэглэгч Хятадтай хөрш зэргэлдээ оршдог нь байгалийн асар их баялагтай Монголын нэг давуу тал гэж шинжээчид бичиж байна. Газарзүйн ашигтай байрлалынхаа ачаар Монгол улс Австрали, Индонези зэрэг Хятадын томоохон нүүрс нийлүүлэгчдийг ардаа орхих боломж нээлттэй байгаа юм. Гэвч үүний тулд дэд бүтцээ хөгжүүлэх асуудал урган гарч ирж буй. Тавантолгойн орд ашиглалтад ороход Монгол улс Хятад руу нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар худалдаална гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь Австралийн нүүрснээс даруй 50 хувь хямд үнэ юм. Гэвч нөгөө талаар Монгол улс түүхий эдийн ханашгүй хэрэглээтэй Хятадаас эдийн засгийн хувьд хараат улс болох аюул бий.  УИХ 1997 онд гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг татахын тулд ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, 2002 онд ашигт малтмалын лицензын төлбөрийг 2.5 хувиар бууруулсан юм. Үүний үр дүнд 2006 онд гадаадын хөрөнгө оруулалт жилд 2,200 хувиар өсч, 344 сая ам.долларт хүрсэн. Мөн алт, зэсийн асар их нөөцтэй Оюутолгойн ордыг нээснээр эдийн засгийн өсөлтийн суурь тавигдсан.  Гэвч нөгөө талаар уул уурхайн салбар дахь гадныхны давамгайлал эрх баригчдын толгойн өвчин болж хувирсан юм. 2006 онд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар алт, зэсэнд 68 хувийн гэнэтийн ашгийн татвар ноогдуулж, стратегийн орд газруудыг төрийн эзэмшилд авахаар заасан. Мөн улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50 хувийг, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хувийг төр эзэмших тухай заалт оруулсан. Гэвч хөрөнгө оруулагчдын хүчтэй эсэргүүцэл, 2008 оны санхүүгийн хямралтай тулгарсан хууль тогтоогчид 2009 онд гэнэтийн ашгийн татварыг цуцалсан юм. Монголчуудад уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд Хятадын үүрэг их гэдгийг эдийн засагчид ярьж байна. Тиймээс эдийн засгаа  Хятадаас шууд хамааралтай болгочихгүйн тулд аялал жуулчлал, санхүү, аутсорсинг зэрэг салбаруудыг хөгжүүлэх нь чухал гэдгийг ажиглагчид анхааруулж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж