МоАХ-ны эмэгтэйчүүдийн холбооны хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

МоАХ-ны эмэгтэйчүүдийн холбооны хурал өндөрлөв

МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулган Төрийн ордны Их танхимд болж, өндөрлөлөө. Тус хуралдаанд хот, хөдөөгийн 500 гаруй эмэгтэйчүүд оролцож, нийгмийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо илэрхийлсэн юм. Хүнийг хүн болгон төлөвшүүлэх үүрэг хариуцлага зөвхөн эцэг, эх үүрээд зогсохгүй багш нар хүлээх учиртайг ч чуулганд оролцогчид сануулж байна. Мөн энэ үеэр уул уурхайн ашиглалт тэр дундаа уран зэрэг цацраг идэвхит ордуудыг ашиглахтай холбоотой асуудал ч хөндөгдлөө. МоАХ-ны гишүүн н.Саруул хэлэхдээ “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өдөр бүр өсөн нэмэгдэж, эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх шаардлагатай болж байна. Энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд эрдэмтэн судлаачид төдийгүй улстөрчид атомын цахилгаан станц барих цаг болсон гэж тайлбарлах болсон. Гэвч атомын цахилгаан станцыг монголчууд ашиглах цаг болоогүй гэж тэрбээр үзлээ. Атомын цахилгаан станцыг барьж байгуулахад наад зах нь 10 тэрбум ам.доллар шаардах гэнэ. Энэ хөрөнгө монголчуудын халааснаас гарна. Харин атомын цахилгаан станцын нас 30 жил, засварлаж сэлбэн ашиглахад насыг нь 10-аар уртасган 40 жил ашиглана. Дараа нь харин яах вэ. Энэ бол зөвхөн хөгжиж ядаж яваа Монгол Улсын толгойны өвчин биш, хөгжилтэй орнуудыг ч зовоох болсон. Франц улс атомын цахилгаан станцтай, түүнтэй холбоотой асар их эрсдлүүд гардаг ч түүнийгээ дэлхий дахинаас нуудаг. Харин энэ алдааг Монгол Улс давтах учиргүй. Япон улсад өнгөрсөн жил цунамигийн харгайгаар газар хөдлөлт болоход атомын цахилгаан станцуудыг аюулгүй болгохын тулд асар их хөрөнгө гаргасан. Мөн тус атомын цахилгаан станцтай ойр орших иргэдийг цацраг идэвхит бодист хордож бизнес нь хүртэл бүтэлгүйтсэн гэх олон мэдээллүүдийг монголчууд хангалттай  авсан тул энэ бүхнийг давтах учиргүй, харин ч сэрэмжлэх учиртай. Нөгөөтэйгүүр, Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрээр 25 жил болсон ч өнөөг хүртэл аюулыг нь арилгаж чадаагүй, хорт бодис ялгарсаар байгаа. Хорт бодисыг нь агаарт ууршуулж, хүн төрлөхтнийг хордуулахгүйн тулд Европын холбоо бунхан барьж 230 тэрбум ам.доллар зарцуулсан ч цөмийн реактор аюултай хэвээр байгаа тухай онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын хувьд уранаар баялаг, говийн нутгуудад энэхүү эрдэс баялгийг хайх ажиллагаа эрчимтэй хийгдэх болсон байна. Энэ бол ашиглалтын ажиллагаа ойртож буй дохио. Хэрвээ энэ төрлийн ажил эхэлбэл үүний эсрэг тэрбээр тэмцэнэ. Харин тэмцэл хийхэд орон нутгийн эмэгтэйчүүд маань туслан дэмжих ёстой шүү гэдгийг дуулгалаа.

Ийнхүү нэг өдрийн турш хуран чуулсан МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулган төгсгөлд нь уриалга гаргаснаар өндөрлөлөө. Харин маргааш МоАХ-ны залуучуудын чуулга уулзалт уг танхимд үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж