Мэргэн буудагчид “Дэлхийн цом”-ыг “онилов”

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Мэргэн буудагчид “Дэлхийн цом”-ыг “онилов”

Монголын буудлага спортын тамирчид 2011 оны анхны уралдаандаа оролцохоор маргааш Шинэ тивийг зорих гэж байна. “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох “Дэлхийн цом”-ын тэмцээн Австралийн Сидней хотноо энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд болно. Одоогоор тус тэмцээнд дэлхийн 66 орны 760 гаруй мэргэн буудагч оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Харин манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Б.Алтанцэцэг нарын удирдлага дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ З.Батхуяг, Ц.Мөнхзул, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, Э.Даваахүү нарын тамирчид оролцох юм. Мэргэн буудагчид “Дэлхийн цом”-д амжилттай оролцож, дасгал бүртээ эхний 2-3 байрт шалгарч байж “Лондон-2012” олимпийн эрхээ биелүүлнэ.

Олимпийн эрхийн төлөө мордох гэж буй буудлага спортын тамирчдыг өчигдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Ч.Наранбаатар “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад амжилт хүссэн юм. Дашрамд сонирхуулахад, БТСГ-аас энэ удаад мэргэн буучдынхаа зардалд зориулж 36 сая төгрөг гаргаж байгаа ажээ.

Уулзалтын үеэр буудлага спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Ундралбат тамирчин бүр финалд өрсөлдөх зорилго тавьснаас гадна энэ удаагийн “Дэлхийн цом”-оос олимпийн хоёр эрх авахаар зорьж буй тухайгаа дуулгасан юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж