Америк цэрэг Афганистаны тосгон руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Америк цэрэг Афганистаны тосгон руу халджээ

Афганистанд алба хааж байсан нэгэн америк цэрэг тус улсын өмнөд хэсэг дэх хоёр тосгоны айлуудаар орж, 16 хүнийг дараалан буудаж хөнөөсөн аймшигтай хэрэг өчигдөр гарчээ. Афганистаны Ерөнхийлөгч харгис хэргийн үйлдсэн америк цэргийн өршөөхгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама олныг хирдхийлгэсэн ийм эмгэнэлтэй хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлж буйгаа Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайд утсаар мэдэгджээ. Гэвч энэ халдлага НАТО-гийн цэргүүд коран судрыг шатааснаас хойш хэзээ мөдгүй “тэсрэхэд” бэлэн байгаа иргэдийн бухимдлыг улам дэврээж буй талаар тус улсад ажиллаж буй сурвалжлагч нар мэдээлж байна. Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурьдсанаар дээрх халдлага тус улсын өмнөд хэсгийн гол хот Кандагараас 25 км-ийн зайтай зэргэлдээх хоёр тосгонд гарчээ. Гэмт этгээд хоёр тосгоны дөрвөн айлаар орж, энгийн иргэд рүү гал нээсэн байна. Халдлагын үеэр дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй, есөн хүүхэд амиа алдаж, таван хүн шархаджээ. Афганистаны Ерөнхийлөгч америк цэргийн дээрх үйлдлийг “санаатай үйлдсэн алан хядах ажиллагаа” гэж тодорхойлжээ. Афганистан дахь АНУ-ын цэргийн баазаас нэг цэрэг алга болсныг өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд мэдсэн аж. Гэмт этгээд хэргийг урьдчилан төлөвлөж байсан болон сэтгэцийн өөрчлөлттэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Түүнийг бааздаа эргэж ирэхэд нь баривчлан хорьсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дээрх хэрэгт мөрдлөг явуулж, хэргийг үйлдсэн этгээдэд нэн даруй зохих ёсны шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж