40 жилийн өмнө хулгайлсан зурагнууд олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

40 жилийн өмнө хулгайлсан зурагнууд олдлоо

        Никола Пуссен “Христийг загалмайлсан нь”. 1650
Италийн цагдаа нар 1971 онд хулгайд алдсан, нийт 7,5 сая еврогийн үнэ бүхий 37 уран зургийг Римээс оллоо. Италийн ANSA агентлагийн мэдээлж байгаагаар, Ван Дейк болон Рубенсийн бүтээлүүд багтсан энэ цуглуулгыг 50 настай эмэгтэйн гэрээс илрүүлсэн байна.

1971 онд дээрэмчдийн бүлэг тухайн үеийн барилгын салбарын хөлтэй баяны сууцаас 42 зураг хулгайлсан юм. Цагдаа нар дээрэмчдийг италийн мафитай холбоогүй болохыг тогтоож байсан ч ул мөр, нотлох баримтгүйн улмаас мөрдөн байцаалт үр дүнгүй өнгөрч байсан билээ.

Улмаар 40 жилийн турш сураггүй алга болсонд тооцож байсан энэ зурагнуудаас өнгөрсөн сард 4 нь дуудлага худалдаанд тавигджээ. Худалдааны танилцуулгад байсан гэрэл зургаас цагдаа нар анх сэжиг авсан байна. Зургийн эзэн харин эдгээрийг 20 жилийн өмнө нөхөртэйгээ хамт худалдан авсан гэж мэдэгджээ.

Нэгэнт хууль бус зах зээл дээр хийгдсэн наймаа учраас дээрх хос хулгайн эд зүйл худалдан авч байгаагаа мэдэж байсан байх ёстой гэж цагдаа нар үзэж байна. Нөхөр нь нас барсан зургийн эзэн эмэгтэйд хулгайн эд зүйлс хадгалсан заалтаар хэрэг үүсгээд байгаа юм.

Италийн цагдаа нар эмэгтэйн гэрээс дахиж 11 зураг олсноос гадна, сүүлд олж мэдсэнийхээ дагуу хотын гадна байх өөр нэгэн байрнаас нь нэмж 26 зураг олжээ. Ингэснээр дуулиант хэрэгтэй холбоотой 5 зурагнаас бусад нь олдоод байна. Харин цагдаа нар хулгайг үйлдсэн этгээдийн талаар мэдээлэлгүй хэвээр байна.

Дээрх цуглуулгад Пуссены “Христийг загалмайлсан нь”, Рубенсийн гэгдэх “Христ загалмайн дээр”, Ван Дейкт хамааруулдаг “Морьтон” зэрэг бүтээлүүд багтаж байна. Одоогоор нэмэлт шинжилгээ хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: ANSA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж