Бараа эргэлтийн 52,9 хувь нь БНХАУ-д ногддог

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Бараа эргэлтийн 52,9 хувь нь БНХАУ-д ногддог

Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны талаарх статистик мэдээллээ гаргасан. Энэ мэдээллээс багцлан хүргэж байна.
Манай улс  оны эхний улиралд дэлхийн 103 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1076.2 сая ам.доллар, үүнээс экспорт 499.0 сая ам.доллар, импорт 577.2 сая ам.долларт хүрчээ.  Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 360.0 сая ам.доллар буюу 50.3 хувь, үүний дотор экспортын хэмжээ 176.7 сая ам.доллар буюу 54.8  хувь, импортын хэмжээ 183.3 сая ам.доллар буюу 46.6  хувиар өсчээ. 2010 оны 3 дугаар сард нийт бараа эргэлт 468.6 сая ам.доллар байгаа нь хоёрдугаар сарынхаас 156.5 сая ам.доллараар буюу 50.2 хувь, өмнөх оны гуравдугаар сарынхаас 190.6 сая ам.доллараар буюу 68.6 хувь өссөн байна. Өмнөх оны мөн үед гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 32 хувь нь БНХАУ-д, 16.3 хувь нь ОХУ-д, үлдсэн 51.7 хувь нь бусад улсад ногдож байсан бол 2010 оны эхний улирлын байдлаар нийт бараа эргэлтийн 52.9 хувь нь БНХАУ-д, 22.2 хувь нь ОХУ-д, үлдсэн 24.9 хувь нь бусад орнуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн хувийн жин 20.9 пунктээр, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийнх 5.9 пунктээр нэмэгдэж, харин бусад улстай хийсэн бараа эргэлтийн хувийн жин 26.8 пунктээр буурлаа.
  Гадаад худалдааны тэнцэл  2010 оны эхний улиралд 78.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.7 сая ам.доллар буюу 9.3 хувиар нэмэгджээ.
  Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас  боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 79,8 хувь, үнийн дүн нь 77,3 хувиар, бохир ноолуурын экспортын биет хэмжээ 82.0 хувиар, үнийн дүн 89.3 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ  өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд цайрын баяжмалын экспортын биет хэмжээ 2.4 дахин, үнийн дүн нь 4.9 дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн 3.0 дахин, жоншны хүдэр, баяжмалын биет хэмжээ 2.1 дахин, үнийн дүн нь 1.9 дахин, нүүрсний экспортын биет хэмжээ 4.3, үнийн дүн 5.0 дахин, боловсруулаагүй нефтийн биет хэмжээ 3.1 дахин, үнийн дүн 5.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж