Төсвийн тодотголыг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг тайлбарлав

УИХ-ын Төсвийн байнгын хороо ээлжит бус чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганаар хэлэлцсэн гол асуудал болох Төсвийн тодотголыг тус байнгын хороо хариуцсан юм. Төсөвт ямар тодотгол хийснийг Төсвийн байнгын хороо тайландаа тайлбарлав. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсныг байнгын хороо тайландаа онцолжээ.  Засгийн газар Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нээс үе шаттай нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлага бий болсны улмаас төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д  өргөн мэдүүлсэн юм.  

Төсөвт тодотгол хийх өөр нэг шалтгаан нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Тэргүүн шадар сайдын багцад төлөвлөгдсөн төсвийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид шилжүүлэх асуудал байсан юм. Монгол Улсын төсвийн орлогын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны эхний нэгдүгээр сарын орлогын урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн тооцоход энэ оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 161,5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүнтэй уялдан 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 115,4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 49,9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцоотой байгаа.

Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тусгасныг  хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161,5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8,8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байгаа аж. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар Тэргүүн шадар сайдын төсвийн багцад нийт 48.5 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс 32.7 тэрбум төгрөг урсгал зардалд, 15.8 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын зардалд тусгасан юм. Гэвч тэргүүн шадар сайдын орон тоо байхгүй болсноос шалтгаалж Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26,3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6,4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүлэх тооцоог Төсвийн тодотголд тусгажээ.  

Дээрх өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2012 оны төсөвт нэмж тооцсоноор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 3,6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж  зургаан их наяд 467,7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464,1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2,9  хувьтай  тэнцэхээр төсвийг баталсан байна.

УИХ-аар төсвийн тодотголыг баталснаар төрийн албаны цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх талаар нийгэмд буй болсон хүлээлтийг бүрэн шийдвэрлэжээ. Засгийн газраас дээрх хуулийн дагуу  цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тооцон нөхөн олгохоор болсныг Төсвийн байнгын хороо мэдээллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж