Б.Наранбаатар “Тахтийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар “Тахтийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Ираны нийслэл Тегеран хотноо чөлөөт бөхийн уламжлалт “Тахтийн цом”-ын төлөөх “Алтан гран-при” тэмцээн өчигдөр эхэллээ. Чөлөөт бөхийн  эрэгтэйчүүдийн долоон жинд болох тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 55, 66, 96 кг-ын жингийн барилдаан болов. Энэ өдөр Монголын таван тамирчнаас 55 кг-д Гавьяат тамирчин Б.Наранбаатар, залуу тамирчин Б.Мөнхбат нар зодоглосноос Б.Наранбаатар мөнгөн медалийн эзэн болжээ. Өмнө нь 2004 оны тэмцээнээс алтан медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад эхний тойрогт дэвжээний эзэн орны тамирчин Абдуллах Фоладвандыг 1:0, 1:0 харьцаатай, дараа нь Казахстаны Расаул Калиевийг 2:0, 2:1-ээр, улмаар Ираны бөх М.Солтанихагхихитэй барилдаж, 1:0, 4:3 оноогоор ялж,финалдсан байна. Харамсалтай нь, аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Нариман Исрапиловтой таарч, 0:1, 5:3, 7:1 харьцаагаар ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Мөн тус жинд зодоглосон залуу бөх Б.Мөнхбатын тухайд эхний барилдаандаа Расаул Калиевт 0:1, 1:7 харьцаагаар ялагдаж, тэмцээнийг орхисон байна.

Өнөөдөр үлдсэн дөрвөн жингийн барилдаан болох бөгөөд Монголын тамирчдаас 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир /Хилчин/, Спортын мастер Б.Баянмөнх /Олимп/, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат /Сүлд/ нар барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж