АНУ-д 42 дахь банк дампуурлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

АНУ-д 42 дахь банк дампуурлаа

Хууль хэрэгжүүлэгчид өнгөрсөн баасан гаригт Өмнөд Каролина мужид нэгэн банкийг хаалаа гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Энэ нь зээлийн алдагдал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор он гарснаас хойш дампуурч байгаа 42 дахь банк юм. Хаагдсан 42 банкны арав нь Өмнөд Каролина мужийнх.

“Federal Deposit Insurance Corp” Өмнөд Каролинад байрладаг “Beach First National” банкийг авахаар болж байгаа бөгөөд тус банк нь 585.1 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд 516 сая ам.долларын хадгаламжтай. Үл хөдлөх хөрөнгө амжилттай зарагдаж байх эдийн засгийн өсөлтийн үеэр тус банкны ашгийн өсөлт гурван оронтой тоогоор хэмжигдэж байсан бол өнгөрсөн 2009 оны эхний есөн сард 24 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. “Beach First National” банк далайн эргийн ойролцоо байрлалтай үл хөдлөх хөрөнгүүдэд их хэмжээгээр хөрөнгө оруулсан бөгөөд зах зээл хямарснаар хүнд байдалд орсон байна.

Өнгөрсөн жил АНУ-д 140 банк хаагдсан нь 1992 оны хадгаламж зээлийн хямралаас хойших хамгийн том хямрал болсон юм. Банкуудын алдагдлыг даатгалаас нөхөн төлөхөд АНУ 30 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2007 онд ердөө гурван банк хаагдаж байсан бол 2008 онд 25 банк дампуурч байсан. АНУ-ын Засгийн газар  хадгаламж эзэмшигчийн дансанд 250 мянга хүртэл ам.долларын даатгал Засгийн газраас хийх боломж олгодог. Санхүүгийн алдагдлыг нөхөн төлөх, удирдах зорилготой “Federal Deposit Insurance Corp” төрийн өмчит компаний дансанд АНУ-ын Засгийн газар 66 тэрбум ам.доллар байршуулаад байгаа юм байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж