Мөн Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркус Эдерер Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Малайзын Холбооны улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Датук Искандар Сарудиныг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулж хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Элчин сайд Датук Искандар Сарудиныг Малайз улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар тохоон томилогдсонд баяр хүргээд Монгол, Малайзын харилцаа 1990-ээд оноос хойш тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд нар харилцан айлчилсан нь хамтын ажиллагаа өргөжихөд чухал хувь нэмэр оруулсан. Гэвч Малайз Улсад 2006 онд гарсан Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг Малайзын шүүх эцэслэн шийдвэрлэх асуудал удааширч байгаагаас сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа ерөнхийдөө зогсонги байдалд орсонд харамсч байна.
Хэргийг шийдвэрлэх үйл явцыг Монгол Улсын Засгийн газар, манай олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ хэргийг шударгаар хурдан шийдвэрлэх, хохирогчийн талаас тавьсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурлын ажиллагааг түргэтгэх талаар малайзын талаас анхаарч ажиллана гэдэгт найдаж байна. Элчин сайдын зүгээс энэ асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.
Монголын тал хоёр талын харилцааг зогсонги байдлаас гаргах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд Элчин сайд ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа нь харилцаанд гарсан таагүй уур амьсгалыг залруулах, хоёр орны ард түмний эрх ашгийн үүднээс харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагийн илрэл гэж ойлгож байна хэмээлээ” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.