Залгамжлагчдадаа үлдээж буй бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Залгамжлагчдадаа үлдээж буй бэлэг

Ху Жинтао, Вэнь Зябао нар сүүлчийн удаа парламентаа хуралдуулж байна. Тэд удахгүй халаагаа өгнө. Гэхдээ эцсийн мөчид залуухан залгамжлагчдадаа ямархуу Хятад орныг хүлээлгэн өгч байгаагаа дүгнэж цэгнэхийг хүсчээ. Бас цаашид хэрхэхийг нь зааж чиглүүлэхээр ам хуурайгүй ярьж байж ч болох юм. Сүүлийн үед Хятадад үймээн, самуун их гарах болсон нь эдийн засгийн нээлттэй тогтолцоо, улс төрийн хаалттай байдлын хооронд бий болсон зөрчлийг харуулж байна уу гэлтэй. Ийм үед нийгмийн халамжийн бодлогоо зөөлрүүлж, ажилчдынхаа амьдралын баталгааг хангахын зэрэгцээ инфляцийг хөөрөгдөхгүй байх эдийн засгийн уян хатан бодлого хэрэгжүүлэхээр Хятадын эрх баригчид хөдөлж эхлэв.

Бээжинд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 11 дэх удаагийн сонгуулийн тавдугаар чуулган өнгөрсөн даваа гарагт эхэлсэн юм. Энэ үеэр Вэнь Зябао Хятадын эдийн засгийн өсөлтийг 2012 онд 7.5 хувь болгож бууруулах зорилт тавьж байгаа тухайгаа онцолжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хүчээр бууруулахын тулд Засгийн газар нь зардлаа танах шаардлагатай болно. Гэхдээ энэ нь ард түмний амьдралд хүндээр тусах юм.

Хятадын 1.3 тэрбум иргэний талаас илүү хувь нь амьжиргааны түвшин доогуур амьдарч байгаа гэх албан бус мэдээ бий. Ийм байж хаа байсан чинээлэг европчуудад санаа тавих эрх баригчдаа шүүмжилсэн нийтлэлүүд Хятадын цахим хуудаснуудад үе, үе тавигдах болсон юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг сааруулах нь хүн амынх нь дийлэнхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна бас хэнд ч таалагдахгүй. Тиймээс ард түмнийхээ амьжиргааг сайжруулангаа инфляцийг бууруулахын тулд тэд юу хийж чадах вэ.

Вэнь Зябаогийн санал болгосноор Хятадын эрх баригчид мөнгөний бодлогоо цаашид ч сулруулах бололтой. Ийм замаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг хичээж байна. Энэ нь дотоодын зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлнэ. Эрэлт ихсэхийн хэрээр Хятадын эдийн засаг АНУ, Европын зах зээлээс хараат байхаа болино. Өрөндөө баригдсан АНУ, Евро бүсийн орнуудаас болж дэлхийн эдийн засаг хямарч буй үед энэ нь ч зөв гарц байж болох юм.

Их хурлынхаа үеэр Вэнь Зябао "Бид мөнгөний нийлүүлэлт, зээлийн бодлогыг тодорхой салбарт нэмэх замаар үнийн өсөлтийг сааруулж, эдийн засгийн хөгжлөө тогтвортой байлгахыг зорьж байна" хэмээн ярьжээ. Гэхдээ түүний дурьдаж байгаачлан Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.5 хувьд хүргэж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь Хятадын эдийн засаг сүүлийн найман жилийн турш тасралтгүй өссөн. Энэ тухай Хонконг дахь "Macquarie" банкны шинжээч Паул Кэви "Хятадын улстөрд өөрчлөлт орж буйгаас үүдээд иймэрхүү байдлаар эдийн засгийн шинэчлэл хүчээр хийхийг хичээж байна" хэмээн онцолжээ.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн хурдацтай өсөхөд тус улсын хямд өртөгтэй ажиллах хүчин хамгийн их нөлөөлсөн. Хөгжингүй орнуудын компаниуд Хятадын 800 сая орчим ажилчныг өөрсдөдөө ажиллуулахын төлөө чармайсаар байгаа. Гэтэл хөдөө орон нутгаас үйлдвэржсэн хотууд руу шилжин ирдэг тэдгээр ажилчдын амьдралын баталгаа гэх зүйл үгүй болсон юм. Тэд орон нутгийн шилжүүлэг хийлгэдэггүй. Үүнээс болж эмнэлэгт үзүүлж, хүүхдээ сургуульд явуулж чаддаггүй. Ямар ч татвар төлдөггүй. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг шиг тэд энэ бүхний эсрэг тэмцэж босох цаг өнөө, маргаашгүй болчихоод байна. Хятадын Засгийн газар ч үүнээс болгоомжилж, нийгмийн халамжийн бодлогоо шинэчлэхээр яаравчлах болж. Хятадад баян, ядуугийн ялгаа ихэссэн. Үүнийг нотлох хамгийн энгийн жишээ бол "Форбес" сэтгүүлийн судалгаа. Өмнөх 2010 оныхтой харьцуулахад Хятадын тэрбумтнуудын тоо өнгөрсөн онд хоёр дахин өсч, 146 болжээ. Иймэрхүү хэт чинээлэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаагийн нэг шалтгаан нь Коммунист намын лидерүүд бизнесмэнүүдтэй сүжирдэгтэй холбоотой гэж барууны ажиглагчид дүгнэдэг.

Саяхан Шанхайд төвтэй "Hurun" гэх мэдээллийн сайтад Хятадын эрх мэдэлтнүүдийн хөрөнгийн хэмжээг жагсаан гаргажээ. Энд дурьдсанаар бол өнгөрсөн онд төлөөлөгчдийн Ардын их хурлын гишүүдийн хамгийн баян 70 хүний нийт хөрөнгө 565.8 тэрбум юань буюу 89.8 тэрбум ам.доллар болсон байна. Харин АНУ-ын Засгийн газрын 660 төлөөлөгчийн хөрөнгө 7.5 тэрбум ам.доллар байх юм. Үүнээс дүгнэхэд Хятадад орлогын тэгш бус хуваарилалт улам бүр ихэсч байгаа бололтой. Вашингтонд төвтэй "Брүкингс" хүрээлэнгийн захирал Кеннет Лиебертал "Хятадад чинээлэг бизнесмэнүүд, улстөрчид худ ургийн харилцаа тогтоох нь элбэг болсон. Тиймээс хөрөнгө чинээний хувьд ялгаатай, эрх мэдэл бүхий шинэ давхарга бий болж байна" хэмээн дүгнэжээ.

Хятадын эрх баригчид үүнийг мөн л тооцож байгаа бололтой. Иймэрхүү байдлаас сэргийлэх гарц нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих явдал юм. Үүгээр дамжуулж есөн сая ажлын байр шинээр бий болгох аж.

Өнгөрсөн онд Вэнь Зябао, Ху Жинтао нар инфляци, орон нутгийн засаг захиргааны өр, Арабын хувьсгалд илүү их санаа зовж байв. Гэвч одоо тэдний байр суурь нь өөрчлөгдөж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Хятадын үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт эдийн засгийг нь тогтворжуулж байгааг харуулах болсон. Тухайлбал, "HSBC""-ээс явуулсан судалгаагаар Хятадын аж үйлдвэрийн индекс сүүлийн дөрвөн сарын туршид хамгийн хурдтай өсчээ. Үүнтэй зэрэгцээд 2010 оны эцэс гэхэд мужуудын засаг захиргаа нийтдээ 1.7 их наяд ам.долларын өртэй байсныг Вэнь Зябаогийн тэргүүлж буй Засгийн газар нэлээд анхаарч байсан юм. Гэвч тэд энэ удаад дээрх асуудлыг хойш тавихаар шийдсэн бололтой.

Нөгөөтэйгүүр Хятадын хагас тэрбум хүн интернэт хэрэглэж, блог ашигладаг болсон. Тэд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын явцыг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс Хятадын эрх баригчид тэдэнд таалагдах хувилбаруудыг дэвшүүлж байж болох юм.

Хятадын Коммунист намын XVIII их хурал ирэх намар болно. Тэр үед Ху Жинтао, Вэнь Зябао нарын залгамжлагчдыг албан ёсоор зарлах юм. Гэхдээ түүнээс өмнө тэдний нэрс хэдийнэ тодорсон билээ. Хятадын Ерөнхийлөгчөөр Ши Жинпин, Ерөнхий сайдаар Лө Көциан ажиллах нь нэгэнт илэрхий болчихоод байна.

Шанхайн бүлэг буюу дарга нарын хүүхдүүдээс бүрдсэн "Хунтайж нарын бүлэглэл", Коммунист залуучуудын эвлэл гэх хоёр хүчин Хятадын улс төрд ноёрхлоо тогтоож, хоорондоо мөчөөрхөлцөж бас эвлэлдэн нэгдэж, найрамдсаар ирсэн түүхтэй. Энэ бүхний үргэлжлэл болж Зян Зэминий дэмжлэгтэй Шанхайн бүлэглэлийн төлөөлөл Шин Жинпин, Ху Жинтаогийн Коммунист залуучуудын эвлэлийн төлөөлөл болж Лө Көциан нар Хятадыг удирдахаар боллоо.

Өмнөх үеийнхэн нь тэдэнд эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжсөн Хятад орныг үлдээж байна. Инфляцид ташуурдуулж, иргэдийнхээ бослого хөдөлгөөнд нухлуулж мэдэхээр болсон Хятад улс мөн л тэдний авч буй "бэлэг". Баян, ядуугийн ялгаа хэтэрхий их бий болсон нийгэм бүхий Хятад бас тэднийх боллоо. Одоо тэд хэрхэх бол.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж