Бин Ладены эхнэрүүдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Бин Ладены эхнэрүүдэд ял оноожээ

Пакистаны хууль сахиулагчид зартай алан хядагч Осама Бин Ладены бэлэвсэн гурван эхнэрийг тус улсад хууль бусаар нэвтэрсэн хэрэгт ял оноожээ. Бин Ладены бэлэвсэн эхнэр хоёр араб, нэг йемен бүсгүйд ял оноосон тус улсын Дотоод хэргийн сайд тэднийг шүүх хурал хаана болсныг нууцалсан байна. Америкийн тусгай албаныхан Осама Бин Ладеныг Пакистаны Абботтабад хотод бүгэж байхад нь олж хөнөөсний дараа түүний эхнэр, хүүхдүүдийг баривчилж хорьжээ. Тэдгээр эмэгтэйчүүдэд хууль бусаар хил нэвтэрсэн хэргээс гадна хуурамч бичиг баримт үйлдсэн, залилан мэхэлсэн гэх хэрэгт ял оноосон гэнэ. Пакистаны Дотоод хэргийн сайдын мэдээлснээр хууль сахиулагчид бэлэвсэн эхнэрүүдэд ял оноож, ээж нар нь зөвшөөрвөл хүүхдүүдийг нь эх орон руу нь буцаахаар болжээ. Пакистаны хууль сахиулагчдын хэлснээр тэдгээр бүсгүйчүүдэд дээд тал нь таван жил хорих ял оноосон байна. 9/11-ний халдлагын гол зохион байгуулагчдын нэг Осама Бин Ладены толгойг 25 сая ам.доллараар үнэлж байхад тэрээр эхнэр хүүхдүүдийнхээ хамт Пакистанд таван жил шахам орогносон аж. Осама Бин Ладен Пакистанд баривчлагдсан гурван эмэгтэйгээс өөр эхнэртэй байсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Түүнийг зургаан эхнэртэй байсан гэх албан бус мэдээ ч байдаг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж