Иран цөмийн шинжээчдийг оруулахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Иран цөмийн шинжээчдийг оруулахыг зөвшөөрөв

Цөмийн хөтөлбөрөөс болж олон улсын зүгээс дарамт шахалтад хавчигдсан Иран цөмийн олон улсын шинжээчдийг оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дахь Ираны төлөөлөгч өчигдөр ийн мэдэгдэл гаргасан гэнэ. Австрийн Вена хотод болсон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хурал дээр Ираны төлөөлөгч Али Ашгар Солтани "Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ хуудас нээлээ” гэж мэдэгдсэн байна. Ираны төлөөлөгч цөмийн шинжээчдийг тус улсад аваачихаас өмнө НҮБ болон бусад улс орнуудтай өргөн хүрээнд хэлэлцээ байгуулахыг чухалчилжээ. Тэрбээр мөн Иран цөмийн хөтөлбөрөөс татгалзах боломжгүй гэж мэдэгдсэн юм. Өчигдөр буюу пүрэв гаригт дэлхийн их зургаан гүрний төлөөлөгч Ираныг ямар ч болзолгүйгээр цөмийн асуудлаар яаралтай хэлэлцээ хийж, Парчин дахь цэргийн баазад цөмийн шинжээчдийг нэвтрүүлэхийг уриалжээ. Хиймэл дагуулаас авсан зурагт Парчин дахь цэргийн баазад хүчирхэг техник, тоног төхөөрөмж байрлуулсан байснаас шинжээчид Ираныг тус баазад цөмийн зэвсэг туршсан ул мөрөө балласан гэх таамаг дэвшүүлээд байгаа юм. Гэсэн хэдий ч Иран цөмийн хөтөлбөр нь зөвхөн эрчим хүчний зориулалттай гэж мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж