Хятад цаазын ялыг хязгаарлах бодлого барина

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Хятад цаазын ялыг хязгаарлах бодлого барина

Бээжин хотод Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулган үргэлжилж байна. Олон улсын анхаарлын төвд орж, Хятадын хувьд ч энэ оны гол үйл явдлын тоонд багтаж буй уг чуулганаар БНХАУ-ын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. БНХАУ дэлхийд хатуу чанга ялын бодлоготой улсын тоонд ордог. Цаазаар авах ял гүйцэтгэлээрээ ч дээгүүрт жагсдаг орон. Авлига хээл хахууль авч өгсөн, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, хэрэглэсэн тохиолдлууд, хүний амь нас бусниулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хүчингийн хэрэг зэрэгт өчиггүй цаазын ял өгч, эр, эм, хөгшин хөвөө гэлтгүй буудан хороодог хатуу чанд Эрүүгийн хуультайгаараа зартай. Ялтнуудыг эр эмгүй эгнүүлэн суулгаж байгаад ар шил рүү нь буудан гүйцэтгэж буйг харуулсан гэрэл зураг цахим хуудсуудаар дүүрэн байдаг. Үүнийхээ төлөө Олон улсын хүний эрхийн байгууллагаас өмнөд хөрш сүүлийн жилүүдэд сүрхий зэм сонсоод буй.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийг 1979 онд баталж 1996, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулж цаазын ялыг хязгаарлах бодлого тусгахаар боллоо. Өнгөрсөн жил оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр алах ял ногдуулдаг нийт гэмт хэргийн 20 хувийг эзэлдэг 13 төрлийн гэмт хэрэгт оноодог байсан цаазын ялыг цуцалсан юм. Түүн дотор авлига, хууль бусаар баяжихтай холботой зарим хэрэг хамрагдсан байдаг.

БНХАУ-ын Ардын дээд шүүх 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цаазын ял оноосон хэргүүдийг хянан үзэж хилс хэргээр хүн яллахаас сэргийлдэг болжээ. Өчигдрөөс эхлэн хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ардын дээд шүүх хэргийг хянан үзсэний дараа цаазын ялыг гүйцэтгэх эсэхийг бие даан шийддэг болгохоор тусгажээ. Хэргийг өршөөсөн тохиолдолд дахин хянан хэлэлцэх, эсвэл хэрэгсэхгүй болгох ажээ.

Монгол Улс Хятадын талтай ялтан харилцан шилжүүлэх гэрээ байгуулж буй энэ үед БНХАУ цаазын ялыг хязгаарлах бодлого барьж эхэлж байгаа нь таатай нөхцөл бүрдүүлж байна. Монголд Хятадын есөн иргэн ял эдэлж байгаагаас дийлэнх нь удахгүй суллагдана. Тэднээс 2017 онд ял нь дуусах нэг, 2021 онд дуусах нэг, 2028 онд суллагдах нэг ялтан бий. Харин Хятадын талд 30 орчим монгол хүн гол төлөв хар тамхи хил давуулсан, зөөвөрлөсөн, наймаалсан хэргээр “хар гэр”-т сууж буй. Ял шийтгүүлсэн болон  шалгагдах шатандаа байгаа хүний тоо нийлээд 3О орчимд хүрчээ. Ийнхүү Хятадаас Монголд, Монголоос Хятадад ял эдэлж байгаа хүний тооны харьцаа одоогоор 9:30 байна.

Ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байхад дипломат шугамаар Монгол, Хятадын тал хоёр хоёр хүнийг харилцан шилжүүлжээ. Шилжүүлсэн ялтны эдлэх ялыг хүлээж авсан тал үргэлжлүүлэн эдлүүлж байгааг УИХ дээр өнгөрсөн оны сүүлээр танилцуулж байсан юм. Гэрээнд зааснаар хорих ялыг торгох ялаар солиод өнгөрөөж болохгүй. Мөн шилжүүлсэн талынхаас хүндрүүлж ял эдлүүлэхийг хориглоно. Ялтан шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлбэл ял эдлэх хугацаа дуусахад нэгээс доошгүй жил үлдсэн тохиолдолд ялтанг харилцан шилжүүлж болох зэрэг зүйл заалтуудыг гэрээнд тусгаж өгчээ.

Хэдийгээр Хятадын тал хар тамхитай холбоотой гэмт хэрэгт цаазын ял өгдөг ч Монгол Улсын иргэдийг урт хугацаагаар хорьж шийтгэж  буй. Хятадын Эрүүгийн хууль зөөлөрч, ялтан шилжүүлэх гэрээ хэрэгжиж эхэлбэл өмнөд хөршид ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэн авчирч хорих боломж олдох юм. Мөн ар гэрийнхэн нь ойр ойрхон эргэж очих бололцоо ч нээгдэнэ.

УИХ Ялтан шилжүүлэх гэрээг соёрхон баталсан. Одоо Хятадын талын шийдвэрийг Монгол Улс хүлээж байна. БХАТИХ-аар Хятадын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж буй нь тэнд ял эдэлж байгаа монголчуудад эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Хар тамхины хэрэгтэй монголчууд тэгвэл эх орондоо ирж ял эдэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд төрийн өршөөл байхгүй гэж саяхан хатуу мэдэгдээд байгаа тул Монголдоо ирээд ял хөнгөрч зөөлрөх тухай ойлголт байхгүй л болов уу.  Гэхдээ л дассан газрын даавуу зөөлөн гэгчээр эх орондоо “аав”-ынд суух нь харь орны торны цаана хэзээ буудах ял авахаа хүлээн цөхрөхөөс хавьгүй дээр биз ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж