“Зоос”-ын захирлуудыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын захирлуудыг өнөөдөр шүүнэ

“Зоос” банкны гэх тодотголтой хэргийг хоёр тусгаарлан шалгасан билээ. Тэдний нэг болох тус  банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ  нарыг шүүх хурал өнгөрсөн сарын 08-ны өдөр болох  байсан ч хойшилсон юм. Уг хэргийг шүүх хурал өнөөдөр  14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 156. 3 буюу банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т зааснаар буюу хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, энэ хэргийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  эсвэл  5-8  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Зоос банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон тус банкны захирал асан Ш.Чуданжийд  холбогдох банкны мөнгө үрэгдүүлсэн хэрэгт Чингэлтэй дүүргийн шүүхээс  зургаан жилийн хорих ял оноож, улмаар 18 хүрээгүй хүүхэдтэй учир хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн  зөвшөөрөхгүй  нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж