Сирийн 2000 гаруй иргэн Ливаниас тусламж эрэв

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Сирийн 2000 гаруй иргэн Ливаниас тусламж эрэв

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Ливанийн хил дээр хоёр мянга гаруй Сирийн дүрвэгсэд байрлаж байгаа гэнэ. Гуравдугаар сарын 4-ний өглөө Сирийн цэргүүд Ливанитай хил залгаа Аль-Кусейр хот руу буудаж эхэлсэн гэж гэрчүүд хэлж байна. Үүний улмаас нутгийн иргэд хөрш оронд хорогдох газар хайж, Ливанийг явган зорьсон байна. Дүрвэгсдийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд аж. Аль-Кусейр хот Ливанийн хилээс 12 километрийн,  Сирийн Хомс хотоос 40 километрийн зайтай оршдог гэнэ.

Хомс хотод өнгөрсөн хоёрдугаар сарын турш буудлага болж, хотоос Ливани руу зугтсан хүмүүсийг буудаж байсан тухай мэдээлж байсан. Сирид иргэний дайн эхэлснээс хойш Ливани руу долоон мянга орчим дүрвэгсэд оржээ. Сири улсаас дүрвэгсдийн нийт тоо 15 мянгад хүрсэн тухай эх сурвалжууд дурджээ. НҮБ-ын гаргасан дүнгээр төрийн арми, босогчдын хооронд болсон сөргөлдөөнөөс болж долоон мянга гаруй жирийн иргэний амь үрэгдээд байгаа юм. Түүнчлэн дүрвэгсдийг хариуцсан хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч “Дүрвэгсдийн тоог ойрын хугацаанд тодорхой болгоно” гэжээ.

Х.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж