”Ярилцсан асуудлаа шийдвэрлэдэг байх хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

”Ярилцсан асуудлаа шийдвэрлэдэг байх хэрэгтэй байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Монголын эдийн засгийн чуулган”-д хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулагчдад талархал илэрхийлж амжилт хүсч байна. Энэ жилийн Эдийн засгийн чуулган зохион байгуулалт, хэлбэрийн хувьд  сайн байгаа ч гүйцэтгэл хангалтгүй байгаа нь харагдаж байна. 2010 онд нэрт эдийн засагч Эрнандо Де Сото ирээд маш чухал асуудал дэвшүүлж тавьсан. Тэрээр “Ядуу хүмүүст бүртгэгдээгүй баялаг их байна, тэдний амьдарч байгаа хашаа байшин, газар гээд хөрөнгийг бүртгэлжүүлээд эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэвэл Монголд асар их боломж байна шүү дээ” гэж хэлж байсан. Энд тодорхой ахиц дэвшил гарсангүй. 

2011 оны Эдийн засгийн чуулганаар бид уул уурхайн сэдвийг голчилж ярьсан. Би аль алинд нь их ач холбогдол өгч, оролцож эхний чуулганд нь зочноо танилцуулж, хоёр дахь чуулганд үг хэлж байсан. Харин энэ жил үг бэлдээгүй. Ганцхан шалтгаантай. Учир нь гүйцэтгэл байхгүй байгаа юм. Жил бүр бид яриад өнгөрдөг, энд баахан ярьж ярьж мундаг дүгнэлт хийгээд өнгөрдөг, ажлын гүйцэтгэл байхгүй бол цаашид энэ чуулган үргэлжлэхэд бэрхшээлтэй.

Зарим хүмүүс надаас асууж байсан. “Эдийн засгийн чуулган энэ маягаараа бол ач холбогдолтой зүйл биш болох нь, ийм хэлбэрээр үргэлжлүүлэх нь хэрэггүй юм биш үү гэж”. Харин би энэ асуултад өөр байр суурьтай байгаа. Эдийн засгийн чуулганыг Монголд жил бүр зохиох ёстой гэж бодож байна. Ганцхан гүйцэтгэл,  агуулгаа бид анхаармаар байна. Ярьж чадаж байна. Харин нөгөө талд нь шийдвэрүүдээ гаргаж явах хэрэгтэй. Ярилцсан асуудлаа шийдвэрлэдэг байх хэрэгтэй байна.
 
Зарим телевизүүд энэ чуулганыг шууд дамжуулж байгаа. Тэдний “ачаар” энэ удаагийн чуулган дээр яригдаж байсан зүйлүүдийг үзсэн. Надад хамгийн их анхаарал татсан сэдэв нь “эрсдлийн асуудал” байсан гэж бодож байгаа. 2012 оны хамгийн гол асуудал эрсдлийн асуудал байх болов уу. 2011 оны хувьд уул уурхайн тухай, төмөр зам, цахилгаан станцын асуудал яригдаж байсан бол өнөөдөр шийдэгдээгүй л байна. “Төмөртэй” ордын талаар тухайн үед шүүмжлэл гарч л байсан. Монголд байсан “Төмөртэй” уул “нүүгээд” хилийн гадаа бууж байна. Энэ болохгүй, үүн дээрээ татвар тавъя гэж хэлж байсан. Төмрөө боловсруулах гэсэн чинь манай нөөц нүүгээд гарчихсан байж болохгүй гэж хэлж байсан. Энэ маягаар араас нь төрийн зүгээс шийдэл гаргаж явах асуудал чухал юм. 

Зүйрлэвэл зочин ирээд их сайн сайхан зүйл ярьж өгөөд явдаг, ард нь тэр айл мөнөөх асуудалтайгаа үлддэг хэв маягтай болчихоод байна. Энэ асуудалд хоноцын сэтгэлгээгээр биш энэ эх орондоо үеийн үед амьдрах нэг л хувь заяатай иргэн нь гэсэн сэтгэлээр хандах ёстой.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 хувьд хүрсэн гээд ярьж байна. Гэтэл нөгөө талд нь төрийн зардал 57 хувь өсчихөөд байна. Саяхан УИХ-ын гишүүн Ч.Улаан дотоодын үйлдвэрлэл 30 хувь хүртэл унасан гэж ярьж байсан. Нэлээн судалгаатай ярьсан байх. Ер нь өссөн үзүүлэлт уул уурхай, гадаадаас импортлон оруулж ирсэн  зарим барааны дүнгээр л гарч байгаа. Гэтэл яг Монгол Улсын өөрийн бүтээж, үйлдвэрлэж байгаа зүйл ховор байна. Өнөөдөр Монголд төр болон уул уурхай бараадсан хоёр салбар л амжилттай явж байна. Түүнээс биш бусад салбарууд уналтын байдалтай байна. Энэ бол Монголын хамгийн том эрсдэл юм. Бид энэ асуудлаа үнэнээр нь ярьж, тодорхой шийдэлд хүрдэг байх хэрэгтэй. 

Сүүлийн хоёр жилд ажлын байр нэмэгдлээ л гэж хэлж байгаа болохоос биш төрд 40 мянган ажлын байр нэмэгдсэн байгаа. Уул уурхай бараадаж 20 мянган ажлын байр гарсан. Төрд өмнө нь 100 мянгаас доош хүн ажилладаг байсан бол одоо 150 мянгад хүрч байна. Ийнхүү ярьж байгаа мөртлөө асуудал буруу зүгт яваад байна. Тэгэхээр шийдэл байхгүй тохиолдолд нэг удаа шүүмжилдэг, хоёр дахь удаагаа ярьдаг, гурав дахь удаагаа бухимддаг, тэгээд дөрөв дэх удаагаа нийгмийн тогтворгүй байдал руу хөтөлдөг аюул байгаа юм. Хамгийн гол шүүмжлэх гэж байгаа зүйл бол мэдээж шийдвэр гаргах гэж байгаа түвшинд шийдлүүдийг гаргах ёстой л гэж хэлэх байна.

 Төрийн ярих дургүй хоёр л сэдэв байдаг. Бид энэ хоёр зүйлийг яримаар байгаа юм. Нэгдэх нь яг одоо бидний бодлого дээрээ алдаад байгаа зүйл юу байна? Хоёрдахь нь хуулийн хэрэгжилт, шударга ёсны асуудал юм.

Сая авлигын асуудлаар болсон салбар  хуралдаан  удирдсан хүн гадаад хүн байна. Тайлангаа англи хэлээр тавьлаа шүү дээ. Үүнээс та бүхэн юу ойлгов? Тэгэхээр авлигыг нэг бол Ерөнхийлөгч эсвэл гадаадын хүн л ярьж байна. Төр нь огт ярьдаггүй, бүх салбартаа ярьдаггүй бол үүн шиг утгагүй зүйл байж болох уу? Найман хүн сууж байна, авлигын хурал хариуцсан ганц хүн нь гадаад хүн. Энэ бол зүгээр тохиолдол биш.

Төрд хоёрхон гол үүрэг байна гэж би бодож явдаг. Төр нэгдүгээрт үйлчлэх, туслах л ёстой. Хоёрдугаарт төр хуулиа хэрэгжүүлэх ёстой. Өөр олон юм руу орж, ард түмэн, улс орныхоо амьдралд хүндрэл учруулж болохгүй. Төр өнөөдөр их зээл аваад л байвал хувийн хэвшилд бага зээл үлдэнэ. Төр бага хүүтэй зээлийг нь аваад байвал хувийн хэвшлийнхэнд өндөр хүүтэй нь үлдэнэ. Төр ажлын байрыг нь булаагаад байвал хувийн хэвшлийнхэнд ажлын байр гарахгүй.
Миний гол үүрэг бол Монголын ард түмний бодож байгаа сайн санааг хэрэгжүүлэхэд туслах, харин саад болж болохгүй. Мөн хуулийн хэрэгжилт, шударга ёсыг шаардах явдал гэж боддог. Хуулийн хэрэгжилтийг төр хариуцдаг. Төр туслагч, үйлчлэгч боловч бас хуулийн хэрэгжилтийг хариуцдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Манайд одоо төр, уурхай хоёрыг бараадсан нь сайн явж байна. Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орсонгүй гэж яриад байгаа. Бид үүнийхээ оношийг тавьж өгөх ёстой.

Тэгэхээр төрийг тойрсон юман дээр хөнгөлөлт, уурхайд ашиг нь байгаад байна. Яг юмаа хийж буй жижиг, дунд үйлдвэр, бусад салбар дээр тэр ашиг нь алга. Амьдрах чадвартай хувийн хэвшлээ бид хоёр талаас нь хавчаад алга болгож байна. Эрсдлээс хамгаалах ёстой хувийн хэвшил нь, бас Монголын  ард түмний амьдрал ингэж муудаж байгаа нь бидний хүсч буй ардчилал, зах зээл, сайн сайхан хүсэл мөрөөдлийг бүгдийг унагах аюултай. Би энд тодорхой шийдлийг дэвшүүлж байгаа. Тодорхой шийдлийг л гаргах хэрэгтэй. Тиймээс төрд, уул уурхайд өгдгөөсөө илүү таатай нөхцөлийг хувийн хэвшил, бусад салбарт  олгох ёстой. Тэр татварыг нь чөлөөлдөг юм уу, дарамтыг нь багасгадаг юм уу ямар нэг хэлбэрээр таатай нөхцөл олгохгүйгээр бусад салбар чинь хэзээ ч босохгүй. Тодорхой шийдлүүдийг өнөө маргаашгүй гаргах хэрэгтэй.

Монголын хувьд улстөр хамгийн том эрсдэл болчихоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейганы хэлсэн сайхан үг байдаг. Би түүнийг байнга бодож явдаг. “Төр бол өөрөө асуудал” гэж. Монголын нөхцөлд би төр бол эрсдэл гэж хэлнэ. Төр  Монголын нөхцөлд аюул болох тал руу хэлбийж байна.

Төсвийн тогтворжилтын хууль гаргалаа гээд ярьж байсан. Хэрэгжүүлэх хугацаа нь  2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш. Хуулиа баталчихаад хоёр жил бид хэрэгжүүлэхгүй сууж байгаа. Яг өнөөдөр ч байгаа, өнгөрсөн 20 жилд ч болохгүй байсан тэр зүйлийг засах гэж л энэ хуулийг гаргасан шүү дээ. Яахаараа хэрэгжүүлэх хугацааг нь 2013 оны нэгдүгээр сарын 1 гэж тавьдаг юм бэ? Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль УИХ баталсан. Долдугаар сарын 15-наас мөрдөнө гэж байгаа. Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тэр ашиг сонирхол хамаагүй юм уу? Дараа нь байгуулагдах Засгийн газарт тэр ашиг сонирхол хамаагүй юу? Би хамгийн хамаатай гэж бодож байгаа. Тэгэхээр дор дор нь шийдээд явах хэрэгтэй. Одоо би хэрэгжилт нь ямар байх бол доо гэж санаа их зовж байна. Асуудал шийдэхээс ингэж байнга тойрч, зугатаж  байгаа нь үнэхээр хүндрэл бий болгож байна.

Банкны асуудлаар ярьсан л гэж байна. Одоо мөнгөний ханш унаад байгаагийн 60 хувь нь төрийн, улс төрийн оролцооноос болсон гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр л аюул хаана байгаа нь ойлгомжтой. 60 хувийг нь унагачихаад Монголбанк руу очоод нөөцөө гаргаж зар, ханшийг тогтвортой барь гэж шаардаж байгаа бол Монголыг л баллана гэсэн үг. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, өөр аль нэг газар үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Ийм л бодлого явуулаад байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард шатахуун хомсдоод,  асуудал гараад ирэхээр сайд нь очоод лацдаад, хэнд нь нийлүүлж болохоо, хэнд нь нийлүүлж болохгүй вэ гэдгийг зааж яриад явсан шүү дээ. Энэ бол бас л аюул.  Харин үүний оронд төр юу хийх байсан гэхээр,  нөөцөө ахиухан бэлдэх ёстой байсан. Төр мөнгөө гаргаад, саваа бэлдээд, нөөцөө бэлдээд тэгээд гаднаас шатахуунаа төрийн хэлэлцээрээр боломжийн үнээр худалдаж аваад, нөөцөө бий болгочих байсан.

Өнөөдөр  уул уурхайнуудад дизель түлшний бараг 60 хувийг нийлүүлж байна гэж байгаа. Дизель дээрээ өндөр татвар тавиад явах ёстой. Гэтэл  одоо бүр татваргүй болоод, тэгээд чөлөөлөх юмгүй болтлоо Монголын төр доройтчихсон яваа шүү дээ. Уул уурхайн шатахуун дээр өндөр татвар тавих хэрэгтэй. Тэндээс бага ашиг олдог байх юм бол тэрнийг цахилгаанаар хангах тухай, нүүрсээ шатааж цахилгаан гаргах тухай төр бодож эхлэх байхгүй юу. Гэтэл энэ тухай асуудал 5-6 жил яриад хийгдэхгүй л яваад байгаа. Аюулгүйн зөвлөл дээр ч бид энэ тухай ярьж л байсан, асуудал урагшлахгүй л байна.

Орон сууц.  Одоо энэ орон сууцны асуудал моргейж биш халамжийн асуудал болох юм шиг байна. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд орон сууц өгнөө гэвэл утгаа алдана. Би нэг юманд өнөөдөр баярлаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид,  надад орон сууц хуваарилдаг юм уу, мэддэг ямар ч эрх мэдэл байхгүй. “Та Ардын Их хурлын депутат байсан, таны нэрэн дээр 70 сая төгрөг байгаа,  нэг орон сууцны эрх мэдэлтэй боллоо” гэж байна лээ. Өнөөдөр би нэг орон сууцны мэдэлтэй байгаадаа л баярлаж байна. Энэнээс бид салах гэж хувьсгал хийсэн шүү дээ. Түүнээс биш төр зуун хувь орон сууцны мэдэлтэй байдаг, хамгийн том дарга нь асуудлыг шийддэг байвал юу болох билээ?

Өнөөдөр манай энэ гар утасны компаниуд төрд байсан бол зургаан номертой утаснаасаа Монгол Улс салаагүй байх байлаа. Эрчим хүчний салбар өнөөдөр урагшлахгүй байна гэж байна. Төрийн монополиос салахгүй байгаа учраас тийм байгаа юм. Эрүүл мэндийн салбар өнөөдөр хөгжихгүй байна гэж байна,  төрийн монополь байгаа учраас тийм  байгаа юм. Төрийн үүргийг даатгалаар орлуулаад л, бусдыг нь бүгдийг нь хувийн хэвшилд үлдээх ёстой. Төрийн үүрэг юу байх уу гэхээр, мөнгийг нь төлөх шаардлагатай улсуудынхаа асуудлыг л шийдэх хэрэгтэй. Бусад бүх үйлчилгээг тэр хийж чаддаг улсууд болох хувь иргэд үзүүлэх ёстой.

Тэгэхээр төр ихээр оролцсон газар ажил унаад байна, харин бага оролцсон газар амжилт бий болж байна. Тэгэхээр энэ оролцооны талаар маш сайн ярилцах ёстой.
Алдаа хийдэггүй хүн гэж байхгүй, алдаа хийж байсан хүмүүсийн нэг нь би. Гэхдээ ганц юм ойлгох хэрэгтэй. Нэгэнт алдаа хийсэн гэдгээ мэдсэн бол тэрнийгээ давтахгүй байх хэрэгтэй. Сая намууд Их хурал дээр ярьсаар байгаад бэлэн мөнгө тараах тухай янз бүрийн амлалт сонгуулийн үеэр өгөхгүй шүү гэдгээ тохироод, хуулиндаа оруулсан, энэ бол зөв хандлага гэж харсан. Ер нь халамжаар явах юм бол Монголын ард түмэн бүтээлч биш болно, Монголын ард түмнийг устгая гэвэл энэ халамжийн бодлого хэрэгтэй байх.

Арабын орнууд сайхан байна гэж байна. Би заримд нь айлчилж үзлээ. Зарим хүмүүс ярьж байна, өөрсдөө хүртэл ярьж байна. “Монголд сайхан байдаг. Монголчууд тэмүүлэлтэй харагддаг. Энд бол амарч болно, долоо хонож болно, амьдрах газар бол биш ээ” гэж байна.  Монголыг бид ийм болгож болохгүй. Тийм учраас том алдаа хийж байсан, амлалт өгч байсан бол одоо зориг гаргаад, сонгогддог ч бай үгүй ч бай  энэ сонгуулиар тэр байдлаа больё. Тийм зориг гаргахгүй бол болохгүй. Бид  4 жил, 8 жил , 10 жил сонгогдож болно,  Монголын ард түмэн мөнх оршино шүү дээ. Тиймээс буруу гэж бодсон зүйлээ тасалж зогсоогоод цаашаа явах хэрэгтэй.

Эрсдлийн тухай ярьж байна. Монголд дэд бүтэц асар их эрсдэл дагуулж байгаа. Би сая Замын-Үүдэд хачин юм харсан. Хятадын талаас найман замаар хүн, бараа нь орж ирж байхад манай угтаж авдаг нь ердөө хоёрхон замтай. 80 литрийн ус өгч байхад бид 20 литрийн сав бариад зогсч байна гэсэн үг. Тэгээд бүгд тэрэн рүүгээ чихцэлдээд зогсч байгаа. Хамгийн гол нь үүнийг шийдэх хэрэгтэй. “Замын-Үүдийн эрсдэл” гэдэг нэр томьёо гарсан байна. Тэнд даргын жолооч 10 вагон тавиулах эрхтэй, арын хаалгагүй бол 2-3 хонож байна. Даргын жолоочийг хахуульдаж чадсан бол 10 вагоных нь 2-т нь ачуулж чадаж байгаа байх. Энийг “төрийн зовлон” гэж байгаа юм. Үүнийг бид ярих ёстой, шийдэх хэрэгтэй. Замын-Үүдийн эрсдлээс болоод юмны үнэнд нөлөөлдөг шүү дээ. Цементийн асуудал л гэхэд юу боллоо, бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Улаанбаатрын дундуур галт тэрэг явуулж байгааг болиулья  гэж хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Мянганы сорилтын сангийн бэлэн гаргачихсан төсөл хөтөлбөр нь байж байна, тэрний дагуу Богд Уулын араар төмөр замаа татчихсан бол асуудлууд багасах л байсан. Яг энэ асуудлуудаа маргааш Засгийн газар хуралдаад асуудлаа шийддэг хэлбэр рүү явахгүй бол болохгүй нь ээ.

Энэ тухай би яриад, аягүй бол та нар гараад мартана. Би яагаад энд үг хэлье гэж бодсон гэхээр ганц л юманд итгэж байгаа.  Энд цугласан хүмүүст би итгэж байна.  Одоо ингээд сонгууль дөхөж байгаа учраас улстөрчдөд итгэх хэцүү л байгаа байх. Би өөрийгөө улстөрч гэж тооцье, аягүй бол миний ярьж байгаад ч итгэхгүй байгаа байх. Би үнэнийг хэлэхийг л хичээсэн. Хувийнхан өөрсдийгөө улс төрийн энэ эрсдлээс өөрийгөө хамгаалах менежмент, дархлаагаа бий болгооч. Ерөөсөө улс төрийн албан тушаалтан гэдэг энэ зүйлээс л аюул ирж байгаа. Төрийн албанд энэ улс төрийн албан тушаалаас аюул ирж байгаа. Мөнгөний ханш унавал яах вэ, тэнд хямрал болбол яах вэ гэдэг шиг.

Миний хэлдэг нэг үг байдаг “Дарга байхдаа л шударга бай, эрх мэдэлтэй байхдаа л асуудлыг шийд” гэдэг. Ард түмнийхээ өмнө хийсэн юмтай бай л даа, цаг хугацаагаар тэр нь шүүгдэж үлддэг. Түүнээс биш жирийн иргэн хэн ч бай асуудлыг тавих эрхтэй. Дахин хэлэхэд хувийн хэвшлийнхэн дархлаагаа бий болго, улстөрчидөөс, улс төрөөс ирэх аюулаас. Ард түмэн маань, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл энэ дархлаагаа бий болгох хэрэгтэй.

Сая энд авлигын асуудлаар Руандаг жишээ татаж байна. Хамгийн олон хуулийг хүчингүй болгосон учраас энэ улсад авлига буурч байгаа гэж байна. Үүн шиг, нэг хуулийг батлахдаа л гурван хуулийг хүчингүй болгочих. Тэр баталж байгаа хууль нь зөв ч бай, буруу ч бай өмнөх буруу хууль тогтоомжоо хүчингүй болгочих. Засгийн газар нэг тогтоол гаргахдаа, өмнөх гурван дүрмээ хүчингүй болгочих. Ингэж чадах юм бол төр ажиллаж байна, үйлчилж байна гэж үзэх хэрэгтэй.

Баабар, өнгөрсөн сонгуулиар хоёр атомын цахилгаан станц амлагдсан гэж ярьж байсан. Одоо хэд амлагдах юм бүү мэд. Амлагдахгүй байгаасай гэж бодож байна.  Манайх бол байгалийн хувьд асар хавчигдсан. Дөрвөн жил тутам нэг сонгуультай, сонгох гэж нэг жил, дараа нь байгуулах гэж нэг жил, дунд нь нэг жил. Түүний зургаан сар нь хөлдүүс, зун болоод жаахан ажиллая гэхээр бүгдээрээ баяр наадам болоод явчихдаг. Ингээд хэдийд нь ажиллах вэ? Жилээс хоёр сар нь л, сонгуулийн дөрвөн жилээс нэг жил нь л ажиллах хугацаа болчихоод байна.

Би дахин хэлмээр байна. Алдаа хийсэн бол, тэрнийгээ мэдсэн бол дахин давтахгүй байх хэрэгтэй. Эдийн засгийн чуулганы тайзан дээр цан тавьсан байна. Зохион байгуулагчид нэг зүйл бодож үүнийг тавьсан байх. Цан цохих бол “сана, сэр” гэсэн үг шүү дээ. Санаж сэрцгээе, өнгөрснөөсөө сургамж авцгаагаасай, дэвшил гараасай гэж хүсч байна. Та бүхэнд баярлалаа. 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж