Ш.Сүхбаатарыг хуучин ажилд нь эргүүлэн томилох уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Ш.Сүхбаатарыг хуучин ажилд нь эргүүлэн томилох уу?

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ. Үүнтэй зэрэгцэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Сүхбаатар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна. Тэрбээр хууль бусаар албан тушаалаас нь бууруулж, шахан зайлуулж байгаа гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн дагуу гомдлоо гаргажээ.

Ш.Сүхбаатарын оронд БХЯамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хошууч генерал Я.Чойжамцын томилгоог хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм байна. Учир нь Төрийн албаны зөвлөл Батлан хамгаалах яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд Я.Чойжамцыг томилуулахаар дүгнэлт гаргуулахаар тус яамнаас ирүүлсэн саналыг хүлээн авалгүй буцаажээ. Ингэхдээ “Төрийн  жинхэнэ албаны удирдах албан тушаалд томиологдох ажилтныг сонгон шалгаруулах журам” -ыг зөрчсөн гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэнээ мэдэгдсэн байна. Ингэхлээр Я.Чойжамц  БХЯамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар хууль бусаар томилогдсон болж таарч байна. Нэгэнт хууль бусаар газрын даргаар томилогдсон учир Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Энхбаяр сайд давхар томилох эрх зүйн үндэс байсангүй.

Энэ хооронд төрийн албанд байж болшгүй хошин жүжиг өрнөжээ. Я.Чойжамцыг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Газрын даргаар томилуулж хурандаа Ш.Сүхбаатарыг дээрх албан тушаалуудаас чөлөөлүүлэхийн тулд БХЯамны газрын дарга бригадын генерал Д.Баярсайханыг ганцхан өдрийн хугацаагаар ТНБДаргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Энхбаяр сайд томилжээ. Энэ нь 2012 оны 2 дугаар сарын 6-нд. Гэтэл Д.Баярсайхан нь 2012 оны 2 дугаар сарын 7-ноос ТНБДаргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон атал 2 дугаар сарын 6-нд Ш.Сүхбаатарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд томилогдоогүй өдрөө Ш.Сүхбаатарыг чөлөөлж, оронд нь Я.Чойжамцыг томилсноор Д.Баярсайханы бүрэн эрх дууссан байна. Ингэж нэр хүндтэй генерал Д.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргаар хамгийн богино хугацаанд ажилласан хүнээр тодорчээ. Өөрөө томилогдоогүй өдрөө өөр хүнийг ажлаас чөлөөлж оронд нь бас нэг хүнийг ажилд томилсон генералын тушаал мэдээж хүчингүй болох байх. Ингэхлээр хурандаа Ш.Сүхбаатар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, генерал Я.Чойжамц хууль бусаар томилогдсон болж таарч байна. Тийм болохоор дэслэгч генерал Ц.Тогоо Я.Чойжамцаас биш, Ш.Сүхбаатараас Батлан хамгаалах яамны тамгыг хүлээн авах эрх зүйн үндэслэл тодорхой болж байна. Хэнээс хэнд нь тамга шилжихийг Д.Зүмбэрэллхам даргатай Төрийн албаны зөвлөл шийдэх болох нь.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж