Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Самбо бөх 2012 онд

Оросын шинэхэн ерөнхийлөгч Владимир Путин самбо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулахаар ихээхэн чармайлт гарган ажиллаж байгаа билээ. Цагаан олимп, хөлбөмбөгийн “World cup”-ыг арга эвээр эх орондоо авчруулсан түүний дараагийн төлөвлөгөө ч энэ байж болох. Тэрээр 1973 онд самбо бөхийн спортын мастер цол хүртэж, “анхны хайр”-аа спортод өгсөн гэдэг. Олон улсын самбо бөхийн холбооноос 2012 онд зохион явуулах уралдаан тэмцээний тэргүүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зүй ёсоор орно. Уг тэмцээнийг арваннэгдүгээр сарын 9-11-нд Беларусийн нийслэл Минскт товложээ. Өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргыг түүний өмнөхөн аравдугаар сарын 5-7-нд Узбекистаны Ташкент хот өлгийдөн авна. Азийн шилдэг самбочид зургадугаар сарын 1-5-нд БНСУ-ын Сөүл хотноо аваргаа тодруулах хуваарь гарчээ. Харин дэлхийн цомын тэмцээнийг Казахстаны Уралск (нэгдүгээр сарын 28-31), ОХУ-ын Москва (гуравдугаар сарын 24-27), Венесуэлийн Каракас (зургадугаар сарын 28-30), ОХУ (аравдугаар сарын 5-8)-д явуулахаар шийдвэрлэжээ. Казахстан улс сүүлийн жилүүдэд спортод ихээхэн анхаарал хандуулж, 2011 онд Азийн өвлийн спортын наадмыг, энэ онд бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. 2013 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар болоод байна. Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр 2012 онд ялагч тодруулах болсон нь онцлогтой. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн жин бүрийн ялагч оны төгсгөлд алтан медаль, 3000 ам.долларын шагнал хүртэнэ. Мөнгө, хүрэл медальтнууд ч тус бүр 1500, 750 ногооны шагналтай. Түүнчлэн ОУСБХ-ноос шилдэг эрэгтэй, эмэгтэй самбочийг мөн тодруулах юм. Самбо нь харьцангуй орчин үед үүссэн тулааны спорт бөгөөд ЗХУ-д бий болж, 1938 онд Бүх Холбоотны спортын зөвлөлөөс албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалах урлаг юм. “Самбо” хэмээх үг нь орос хэлээр Самооборона Без Оружия буюу “зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах” гэсэн утгатай үгний товчлол ажээ. Японы жүдо, Армений коч, Гүржийн чидаоба, Молдавын тринта, Татарын корэш, Узбекстаны кураш, Монголын үндэсний бөх, Азербайжаны гулеш зэрэг бөхийн төрлүүдээс авсан гэдэг. Самбог үндэслэгч нь Василий Ощепков, Виктор Спридонов нар юм. В.Спридонов нь жүдог үндэслэгч Жигоро Каногоор хичээл заалгаж байснаасаа болж 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед Сталины тушаалаар цаазлагдсан байна. Тэд тус тусдаа ялгаатай стилийн, ижил нэртэй тулааны хоёр урлагийг бий болгожээ. Спиродоновын үүсгэсэн урсгал нь илүү зөөлөн, айкидотой төстэй бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны үед бий болсон гэж үздэг. Виктор Спиродоновын шавь Анатолий Харлампиев албан ёсоор спортын самбо бөхийг үндэслэгч хэмээдэг байна.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж