Москва нулимсанд дургүй

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Москва нулимсанд дургүй

Москва хотын Пушкиний талбайд сөрөг хүчний цуглаан тайвнаар эхлээд цагдаагийн тусгай ангийнхантай мөргөлдөөнд орж, тэрслүү лидерүүдийг нь барин саатуулснаар дууслаа. Цуглаанд оролцогсод хэдэн минутын турш Тверийн гудамжийг хаажээ. Пушкиний талбай цуглаан эхлэхээс гучин минутын өмнө эсэргүүцэгчдээр дүүрсэн байлаа. Цагдаагийнхан эртнээс талбайн орчмын зам, гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байв. Гэхдээ цуглаанд очиж буй иргэдийг хориглосонгүй. Гуравдугаар сарын 5-ны оройн долоон цаг гэхэд багцаалбал 25 мянга орчим хүн (Хотын Дотоод яамныхан  14,5 мянган хүн байсан гэв) цугларчээ.

Цугларсан олон дунд Кремлийг дэмжигчид “Эрүүл ухаантай, ажил хэрэгч ерөнхийлөгч бол В.Путин” гэх мэтийн уриатай “Бүх Оросын ардын фронт” хөдөлгөөний далбаатай хүмүүс гэнэтхэн гарч ирэв. Эмх журам сахиулагчид сөргөлдөөн гарахаас сэрэмжлэн тэднийг талбайгаас гаргажээ. Георгиевын туузтай эсвэл Оросын далбааны өнгөтэй тэмдэг зүүсэн бие бялдар сайтай хэсэг бүлэг залуус үе үе зохион байгуулалттайгаар бужигнуулж байжээ.

Жагсагчдад Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн таалагдсангүй. Путинд ялагдсандаа ч гол нь биш. Харин ямар аргаар тэр ялсан нь таалагдсангүй. Жагсагчдын барьсан “Нулимстай 12 жил”, “Зургаан жил нохойн сүүлэн дор” гэсэн зурагт хуудсыг ажиглавал Путины нүүрийг нохойн биед эвлүүлсэн харагдана. Түүнчлэн “Зургаан жилийн хатуу дэглэм. Юуны төлөө?” гэсэн зурагт хуудаснууд харагдаж байв. Нэгэн идэвхтэн хоёр хөлдөө тор углан дэвхцэн явж байлаа.

“Үндсэн хуульд бичсэн ардчиллыг би шаардаж байна” хэмээн цуглаанд ирсэн 17 настай сурагч охин Маша сурвалжлагч нарт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Хэдийгээр “Кремль рүү!”  гэсэн бичиг бүхий дуулга малгайтай эр дайрах янзгүй улбар шар өнгийн хогийн машинуудаас хаасан Тверийн гудамжны нэгэн буланд зогсч байв. Цуглаанд ирсэн үндсэрхэг үзэлтнүүдийг энэ удаа тэд тэвчсэн байна.

“Өчигдөр урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээтэй будлиан хийлээ. Та бүхний мэдэх нэр дэвшигч зарим газар 99,99% санал авлаа. Тэдний сонгууль хуурамч. Бид парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө дахин явуулахыг шаардаж байна. Бид эрх чөлөө, шударга ёсны төлөөх өөрсдийн тайван замын хүчирхийллийн биш тэмцлээ шаардлагаа биелүүл­тэл үргэлжүүлэх болно”  гэж ПАРНАС намын лидерийн нэг Владимир Рыжков цуглааныг нээхдээ хэлэв. “Болотная” талбайгаас бидний тавьсан шаардлага өнөөдөр ч хүчин төгөлдөр гэдгийг тэр сануулж байна.

ПАРНАС-ын бас нэгэн дарга болох Борис Немцов цугларсан олонд хандан “Лидер өөрийн талынхны дунд уйлж болох уу?! Тийм үү, Үгүй юу?!” гэж асуугаад “Үгүй!” гэсэн хариулт авсны дараа “Путинд 60 хувийн саналыг луйвраар авлаа” гэж тайлбарлав. “Өчирдөр сонгууль биш, хууран мэхлэлт, гар бариад бугуй барих гэсэн хулгайч, зальтнуудын оролдлого байлаа” гэсэн сонгуулийн тухай үнэлгээг тэр өгөв. “Зүүний фронт”-ын лидер Сергей Удальцов энэ талбайгаас явахгүй, “Путины огцортол зогсоод байна” гэдгээ хэлж байлаа. Хожим талбайгаас явахгүй гэсэн түүнийг тусгай ангийнхан саатуулан авч явсан байна. “Хэн хүмүүсийг гудамжинд жагсаав? Путин!” хэмээн депутат Геннадий Гудков хэлээд цугларсан олныг “Америкийн Төрийн департаментад алба хаадаггүй” хэмээн тайлбарлав. Москвад санал авснаараа хоёрт орсон нэр дэвшигч Михаил Прохоров сонгогчдод талархлаа илэрхийлэв. Эрх чөлөөт орны төлөө тэмцэнэ гэдгээ тэр амлажээ.

“Манай Оросын хавар ирж байна!” хэмээн экс ерөнхий сайд Михаил Касьянов уриалсан бол “Шударга Орос” намын Төрийн думын гишүүн Илья Пономарев талбайд сонгогчидтой уул­зах хугацаагүй уулзалтыг зохион байгуулан цуг­ларсан олны шаардлагыг биелүүлтэл тэнд бай­хыг уриалжээ. Блогчин Алексей Навальный сөрөг хүчин гудамжны эсэргүүцлээ зогсоохгүй бай­хыг уриалаад “Первый канал” сувагтай эн зэрэгцэхээр үнэнийг хэлж байх телевиз байгуулах санал гаргалаа. “Энэ хулгайч зальтнуудаас та нар юу хүлээнэ вэ? Тэр нефтийг, хийг идчихсэн, тэр үргэлж идэж ууж байна… Хэнд энд засаг юм бэ? Бид энд засаг!” гэж Навальный ярьж бай­лаа. Цагийн дараа Рыжков цуглааныг хаагаад гурав­дугаар сарын 10-ны цуглаанд урив. Харин Удаль­цов, Пономарев, Навальный талбайд үлдэнэ гэж хэл­сэндээ хүрэхээр шийдсэн байжээ.

Цуглаанаас гарсан тогтоолын дараа хүмүүс аажмаар тарж эхлэв. Энэ үеэр Удальцев усан оргилын дэргэд майхан босгохоор Пономаревын хамт хөдлөв. Мөн тэнд хүмүүс цугларч эхлэв. Талбайд мянгаад хүн үлдсэн байв. Оройн есөн цагаас хойш твиттерээр эргэн талбайд цугларахыг уриалсан уриалга явуулжэхэлсэн байна. Цагдаа нар эхлээд аман сануулга өгч тэдний хэрэг явдалд нь оролцсонгүй.  Харин талбайг тойрсон хамгаалалтаа зузаатгасан байв. Цагдаагийн хүчийг нэмэгдүүлсний дараа талбайд байсан хүмүүсийг тэд хүчээр хөөн тарааж эхэлэсэн бөгөөд арваад минутын дотор 150 орчим хүнийг баривчлан саатуулжээ. Хүмүүсийг  шахан түрэх үеэр 350 орчим хүмүүс Тверийн замыг түр хугацаагаар хааж амжжээ. Дараа нь машинтай цагдаа нар ирэн тэднийг барин саатуулжээ. Би Путины төлөө гэж хашгирсан нэг хүн л Тверийн талбайд баригдалгүй үлдэж чаджээ. Дотоод яам нийт 250 идэвхтнийг саатуулсан гэж мэдээлсэн байлаа. Хожим тэднийг протокол үйлдээд суллан явуулжээ.

Энэ үеэр Санкт-Петербургт хоёр мянгаад хүн оролцсон цуглаан болоод таржээ. Закс.ру сайтад мэдээлснээр 500 хүн, харин “БалтИнфо” сайтын мэдээгээр 300 хүнийг барин саатуулсан гэнэ.  Мөн энэ үеэр цагдаагийн машин руу Молотовын гэх шатах бодистэй лонх шидэлсэн залуусийг барьжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж