Барак Обама Сирийг Ливиэс илүү ноцтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Барак Обама Сирийг Ливиэс илүү ноцтой гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид үүсээд буй нөхцөл байдлыг зүрх шимшрэм гэж тодорхойлсон ч тус улсын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцвол том алдаа болно гэжээ. Барак Обама Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг бусад дарангуйлагчдын адил огцрох нь зүйтэй гэсэн байна. Тэрбээр АНУ Сирийг олон улсын тавцанд ганцаардуулахаар дипломат арга сүвэгчилж буйг ч нуугаагүй юм. Сүүлийн хэдэн долоо хоногт Сирид аллага хүчирхийлэл гаарч, цэргийнхэн болон босогчдын хоорондох цуст мөргөлдөөний голомт болсон Хомс хотоос амь дүйж гарч ирсэн энгийн иргэд аймшигтай аллагыг нүдээр үзсэнээ гэрчилж байгаа аж. Сири дэх хүчирхийллийг хэрхэн зогсоох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгүүд мухардалд ороод байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор Сирид эрх баригчдыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөснөөс хойш  7,500 гаруй хүн амиа алдсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны эхний мэдэгдэлдээ шүүмжлэгчдэд дайн ямар хохирол учруулж болохыг сануулсан юм. Тэрбээр Сирийн нөхцөл байдал Ливийн улс төрийн хямралтай харьцуулахын аргагүй, илүү ноцтой гэж үзэж байгаа аж. Ливийн дарангуйлагч Муаммар Каддафигийн дэглэмийг эсэргүүцсэн босогчдын хөдөлгөөн өрнөхөд НАТО-ийн дэмжлэгтэйгээр АНУ тус бүсийг хяналтандаа авсан билээ. Гэвч Барак Обама Сирийн асуудалд илүү болгоомжтой хандаж, хүч хэрэглэхийн оронд дипломат аргаар шийдэхийг хичээж байгаа аж. Гэвч 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн хүчтэй өрсөлдөгч байсан Сенатор Жонн МакКейн Сирийн эсрэг цэргийн хүч хэрэглэхийг өнгөрсөн даваа гаригт уриалсан байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр Сирийн иргэний дайны голомт болоод буй Хомс хотын 1,500 гаруй хүүхэд эмэгтэйчүүд дайны хөлөөс дүрвэж, Леван руу гарсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амос өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-нд Дамаск хотод очих аж. АНУ Сирийн асуудлаар Аюулгүйн зөвлөлд шинэ санал оруулахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын Төв байранд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон, Морокко, Араб лигийн орнуудын төлөөлөгчид оролцсон чуулган болсон байна. The United States says it is proposing a new UN Security Council resolution on Syria. Сирийн эрх баригчдыг огцруулж, хүчирхийллийг зогсоох асуудлаар санал хураахад ОХУ, Хятад гуравдахь удаагаа хориг тавьжээ. Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхий сайд В.Путин ялалт байгуулсан тул Сирийн асуудлаарх Оросын байр суурь өөрчлөгдөхгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж