Ираны цаг дууссан гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Ираны цаг дууссан гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг нь зогсоох болно гэж даваа гаригт хамтарсан мэдэгдэл гаргажээ. Харин тэр үеэр Беньямин Натаньяху Ираны эрх баригчдад асуудлыг эвээр шийдэх хугацаа маш бага үлдсэнийг анхааруулсан гэнэ. Хоёр удирдагч даваа гаригт Цагаан ордонд уулзахдаа Ираны цөмийн хөтөлбөр болон Израйль Ираны цөмийн байгууламж руу довтолж болзошгүй гэдэг таамаглалууд, Ойрхи Дорнодын хурцадмал асуудлыг хэлэлцжээ. Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг тус улсын эдийн засагт хүчтэй дарамт учруулсан ч Исламын энэ улс цөмийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байна гэж Натаньяху ярьсан гэнэ. Тэрбээр "Израйль Ираны цөмийн асуудлыг дипломат аргаар шийдэгдэхийг хангалттай удаан хүлээсэн. Тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг ч цөмийн хөтөлбөрөөс татгалзахад тус болно гэж найдсан. Гэвч бид цаашид Ираныг харж зүгээр сууж чадахгүй. Израйлийн Ерөнхий сайдын хувьд би ард түмнээ газрын хөрснөөс арчигдахыг хүлээж суухгүй” гэж мэдэгдсэн байна.  Барак Обама "АНУ Израйлийг үргэлж дэмжсээр ирсэн. Цаашид ч дэмжих болно” хэмээн ярьжээ. Асуудлын гол нь Ираны боловсруулж буй цөмийн хөтөлбөр боловч Исламын Бүгд найрамдах энэ улсын эрх баригчид цөмийн зэвсэг үйлдвэрлээгүй гэж мэтгэсэн хэвээр байгаа юм. Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн тэргүүн Юкияа Амано Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зориулалттай гэж хэлж чадахгүй хэмээжээ. НҮБ Ираныг ураны баяжуулалтаа зогсоож, Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагтай (IAEA) хамтарч ажиллахаас татгалзсаны хариуд 2006-2010 оны хооронд эдийн засгийн шат дараалсан хориг тавьсан юм. Хоригийн дагуу Иранд зэвсэг техник болон цөмийн технологи нэвтрүүлэхийг зогсоосон. Европын холбоо мөн Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хоригт нэгдэж, 2011 онд Иранд цөмийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлдэг 141 компани, 39 хувь хүний гэрээг цуцалж, худалдааг нь зогсоосон юм. Гэвч Европын холбоо тэдгээр компаниуд болон хувь хүмүүсийн нэрийг нийтэд зарлаагүй билээ. АНУ болон Европын холбооны гадаад харилцааны сайд нар өнгөрсөн нэгдүгээр сард Ираны газрын тосны худалдаанд хориг тавьж, Төв банкны гадаад харилцаанд саад учруулж эхэлсэн. Гэвч газрын тосны нийлүүлэлтийн 20 хувийг хангадаг Иранд хориг тавьснаар Европын холбоо ирэх долдугаар сараас эхлэн газрын тосны өөр эх сурвалж хайхад хүрч байгаа юм. АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг тавихыг Хятад, ОХУ-д уриалсан ч дээрх орнууд уг хоригт нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж