БНСУ-д болох шүүх хуралд төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

БНСУ-д болох шүүх хуралд төлөөлөгч оролцоно

БНСУ-д 28 настай Монгол залуугийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга хаасангүй гэх шалтгаанаар БНСУ-ын иргэн монгол залуугийн аминд хүрсэн хэрэг тус улсын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чангман хорооны “А” гэх дэлгүүрийн дэргэд өнгөрсөн сарын 16-нд гарсан юм. Сэжигтэн этгээд цагдаагийнханд “Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга онгорхой орхиж гарахаар нь уур хүрээд Б-г зодсон” гэж мэдүүлжээ. Талийгаач Б тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан аж. Тус хэргийг шүүх хурал БНСУ-д болох бөгөөд энэ долоо хоногт болох тов гарсан байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд яваа бол?

-Одоогийн байдлаар мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа байх. Энэ долоо хоногт шүүх хурал нь болно гэж мэдэгдсэн. Цагдаагийн ажилтнууд дэлгүүрийн камерын бичлэгийг үзсэн гэсэн. Монгол иргэнийг зодож, амь насанд нь хүрсэн  БНСУ-ын иргэн, 31 настай Хаму болон түүний найз Уни нарыг баривчлан саатуулаад байгаа.

-Шүүх хурал яг хэзээ болох вэ?

-БНСУ-ын талаас энэ долоо хоногт болно гэсэн мэдээлэл өгсөн. Яг хэдэнд гэдгийг мэдэхгүй байна. Шүүх хурал болох өдрийг бидэнд урьдчилан мэдэгдэх ёстой.

-Шүүх хуралд ар гэрийнхэн нь оролцох уу?

-Ар гэрийнхэн нь хүсвэл шүүх хуралд оролцож болох байх. Өнөөдрийн байдлаар хохирогчийн ар гэрээс шүүх хуралд оролцох хүсэлт ирүүлээгүй байна.

-Монголын талаас Гадаад харилцааны яам энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг БНСУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн. Мөн БНСУ-ын хоёр иргэнийг шүүх хуралд тус улсад суух Монголын Элчин сайдын яамнаас төлөөлөгч оролцохоор болсон.

-Хэргийг үйлдсэн БНСУ-ын хоёр иргэнд хэдэн жилийн  ял төлөвлөөд байгаа вэ?

-Тэднийг гэмт хэрэг үйлдсэн болохыг гэрчлэх дэлгүүрийн  камерын бичлэг байгаа учир хангалттай нотолгоотой гэж үзээд шүүхэд шилжүүлсэн байгаа. Тэдэнд 15-18 жилийн хорих ял төлөвлөсөн.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж