Асуудлыг нухацтай хэлэлцсэний эцэст 43 гишүүнтэй Төвдийн дүрвэгсдийн парламент Далай ламын хүсэлтийг хүлээн авсан байна. Засгийн газрын танхимын тэргүүн Самдан Ринбүүчи дүрвэгсдийн Засгийнгазрын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнтний хүсэлтийг хүлээн зөвшөөрснийг мэдэгджээ. Түүнийг Засгийн газрын танхимын долоон сайд мөн санал нэгтэй дэмжсэн байна. Ийнхүү ХIY Далай лам Данзанжамц Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээс буух нь тодорхой боллоо. Одоо тус парламентаар түүний орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Далай ламын оронд АНУ-ын Харвардын их сургуульд сурч буй Лувсан Сангай, Далай ламын Нью-Йорк дахь төлөөлөгч байсан Дэнзэн Тетхонг, Дармасала дахь Төвдийн дүрвэгсдийн Засгийн газарт сайд байсан Даш Вангди нарын нэгийн нэрийг дэвшүүлэхээр хэлэлцэж байна.
Далай ламын хүсэлтийг зөвшөөрчээ
Энэтхэг дэх Төвдийн дүрвэгсдийн парламент энэ сарын 14-25 хүртэл хуралдаж байна. Түүгээр Дээрхийн гэгээн ХIY Далай ламын Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээс чөлөөлөгдөх талаар илгээсэн захидлыг хэлэлцэж байгаа юм. Хэдийгээр парламентын гишүүд Далай ламыг улс төрийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хүлээн авахгүй гэсэн ч Дээрхийн гэгээн өөрийн байр суурийг тууштай хамгаалжээ. Тэрбээр “Би энэ тухай олон жил бодсон.Улс төрийн эрхийг оюун санааны удирдагчид, хаад ноёд, ван, гүнгүүд атгадаг цаг үе ч өнгөрсөн. Төвдийн дүрвэгсэд энэ байдлаараа дахин удаан хугацаанд байх аваас миний нас өндөр болж хүчин мөхөсдөх цаг ирнэ. Намайг эрүүл саруул, хүч тэнхээтэй байгаа дээр Төвдийн дүрвэгсдийн засаг захиргаа удирдплагын найдвартай тогтолцоотой болж, Далай ламаас хамааралгүй бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой” гэжээ.
Д.ОЮУН