Оросын “эзэн” эргэж ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Оросын “эзэн” эргэж ирлээ

Сонгуулийн өмнө урьдчилан таамаглаж байснаар Владимир Путин Оросын их гүрний төрийн тэргүүний суудалд эргэн ирэхээр боллоо. Өчигдөр Улаанбаатрарын цагаар үдээс хойш ОХУ-ын сонгуулийн төв хорооноос мэдээлэл хийхдээ санал тоолох автомат төхөөрөмжүүдийн тооцоолон гаргасны дагуу нийт санал өгсөн Оросын сонгогчдын 99 хувийн саналыг үндэслэн гаргахад Владимир Путин өрсөлдөгчдөөсөө илт давуу санал авсан болохыг мэдэгдсэн байна. Хэдийгээр Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эцсийн байдлаар буюу албан ёсоор бол энэ сарын 14 гэхэд гарах учиртай ч нэгэнт автомат тооллого явагдаж дүн мэдээ тэр дороо гарч байснаас үндэслэн ийнхүү мэдээлсэн гэсэн тайлбар гарч байв. Энэ мэдээлэлд дурдсанаар Владимир Путин Оросын төрийн тэргүүний эрх мэдлийг гурав дахь удаагаа авахдаа сонгуульд оролцсон нийт сонгогчдын 63.8 хувийн саналыг авч чадсан байна.

Сонирхолтой нь дээрхи дүн мэдээ гарсан даруйд сонгуулийн үеэр эвлэршгүй өрсөлдөгч мэт харагдаж байсан зарим нэр дэвшигчид ялалт байгуулсан В.Путинд баяр хүргэн чин сэтгэлээсээ амжилт хүсч байгаа бичлэгүүдийг Оросын олон нийтийн телевизийн сувгуудаар гаргаж байлаа. Тухайлбал ЛДПР  намын тэргүүн Владимир Жириновский болон “Шударга Орос” намын тэргүүн Сергей Миронов нар Путинд амжилт хүсэн баяр хүргэжээ. С.Миронов энэ үеэр хэлэхдээ “Ийм үр дүн гарна гэдгийг урьдаас мэдэж байсан юм. Танд амжилт хүсье” гэсэн бөгөөд Путины “шинэ” ажил албыг дэмжих болно гэдгээ илэрхийлжээ. Түүгээр ч зогсохгүй Сергей Миронов “Россия 24” телевизийн сувгаар үг хэлэхдээ жагсаал цуглаан хийхээс татгалзахыг олон нийтэд уриалсан байна. Тэрээр “одоо жагсаал цуглаан хийх цаг биш, харин ажиллах хэрэгтэй байна“гэж хэлжээ. Мөн тэрээр урьдаас төлөвлөгдөж байсан Путиныг дэмжигчдийн жагсаалыг ч болиулахыг мөн уриалжээ. Сергей Миронов хэлэхдээ, “Энэ өдрүүдэд хэн ч гудамжинд гарахгүй байж, Путиныг дэмжигчдийн зуун мянган хүний жагсаалыг хийхгүй бол сайн сан. Хүмүүсийг хооронд нь тэмцэлдүүлэх хэрэггүй” гэсэн байна.

Харин бусад өрсөлдөгчид болох Геннадий Зюганов болон Михайл Прохоров нар Путинд хандаж ямар нэгэн “жест” үзүүлсэнгүй. Оросын коммунист намын дарга Г.Зюганов энэ удаагийн сонгуулийг шударга бус, булхайтай болсон гэж үзэж байгаагаа харин мэдэгдээд байгаа юм. Оросын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд Путинтай өрсөлдсөн нэр дэвшигчид урьд өмнөх сонгуулиудаас илүү гарахаар өрсөлдөөнийг харуулж чадаагүй гэдэг нь сонгуулийн дүнгийн тухай албан бус урьдчилсан мэдээллээс харагдаж байгаа аж. Яг л өмнөх сонгуулиудын ижлээр коммунист удирдагч Геннадий Зюганов Путины араас удаалж, нийт сонгогчдын 17.18 хувийн санал авсан байна. Түүний араас энэ удаагийн сонгуулийн цорын ганц “шинэ үзэгдэл” болох Михайл Прохоров 7.7 хувийн саналтайгаар гуравт, В.Жириновский 6.3 хувьтай дөрөвт, С.Миринов 3.8 хувийн саналтайгаар тавд жагссан байна. Өөрөөр хэлбэл хашир толгой Г.Зюгановаас бусад Путины өрсөлдөгчид “дан дугуйтай” саналын хувь авсан нь Оросын сөрөг хүчний бодит нүүр царайг төлөөлж чадаж байгаа эсэхэд нь эргэлзэхэд хүргэж байгаа бололтой.

Тэгэхдээ энэ удаагийн сонгуулиар В.Путин Оросын нийслэл Москвагийн иргэдийн тавин хувийн саналыг авч чадаагүй ажээ. Сонгуульд саналаа өгсөн Москвачуудын 48 хувь нь л Путиныг дэмжсэн нь түүний хувьд чамлалттай байсан бололтой. Тэгвэл Михайл Прохоров Москвад бусад газраас илүү буюу бараг 20 хувийн саналыг аван удаалсан байжээ. Харин сонирхолтой нь одоогийн ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин энэ удаа Умард Кавказын сонгогчдоос үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн дэмжлэгийг авч чадсан гэх дүн гарсан байна. Тухайлбал Дагестаны сонгогчдын 93 орчим хувийн дэмжлэгийг авсан, Чеченьд бараг 100 хувийн санал авсан гэх дүн мэдээ гарсан байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь хэрэв Оросын сонгуулийн дүнг зөвхөн Их Британид байгаа орос иргэдийн санал асуулгаар дүгнэсэн бол Путин ялагдаж, харин Михайл Прохоров ялалт байгуулах байжээ. Их Британид байгаа оросуудын 57 гаруй хувь нь тэрбумтан М.Прохоровыг дэмжсэн бол Путиныг ердөө 20 хувь нь л илүүд үзсэн юм байна.

Сонгуулийн дараахь нөхцөл байдал

Оросын “Шударга Орос” намын тэргүүн С.Мироновын санаа зовох шалтгаан үнэхээр байсан гэдгийг батлах мэт сонгуулийн санал авах ажиллагаа зогссоноос хойш Оросын нийслэл болон зарим томоохон хотуудад нийтийг хамарсан олон мянган хүний жагсаал болох тухай мэдээллүүд гарч эхэлсэн байна. Оросын нийслэлийн Манежный талбайд урьд өмнө нь эсэргүүцлийн жагсаал болдог байсан бол өчигдрөөс Путиныг дэмжигчдийн тал буюу “Наши” нэртэй хөдөлгөөнийхөн үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байв. Зарим мэдээллээс харахад энэ үйл ажиллагаанд зуу орчим мянган дэмжигчид оролцоно гэж мэдэгдсэн байна. Тэгвэл одоогийн эрх баригчдын эсрэг үзэл бодолтой эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Пушкины талбай болон Тверийн “бульвар”(boulevard гэсэн франц үгнээс гаралтай цэцэрлэгт өргөн чөлөө) орчимд нийтийг хамарсан жагсаал хийхээр товлосон байна. Тэдгээр эсэргүүцэгчдийн тэмцлийн гол чиглэл нь энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон гэдгийг харуулах явдал гэж зохион байгуулагчид нь зарлаж байжээ.

Оросын сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гараагүй шахуу байхад одоогийн засгийн газрын тэргүүн В.Путин Кремлийн хананы дэргэд цуглаан зохоин байгуулсан бөгөөд өөрийн дэмжигчиддээ хандан үг хэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь сөрөг хүчний жагсаал цуглаанаас өрсөж өөрийн байр суурийг илэрхийлэх, мөн сөрөг хүчнийхний үйл ажиллагааны нөлөөллийг бууруулах гэсэн санаа байсан бололтой. Тэрээр цуглааны үеэр хэлсэн үгэндээ “Бид шударгаар ялсан” гэсэн байна.

Харин түүний энэ үгэнд бүрэн итгэхгүй байгаа ажиглагчид олноор гарч ирч байгаа юм. Зарим мэдээллийн эх сурвалжуудын үзэж байгаагаар бол Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүнтэй зэрэгцэн явагдсан Оросын зарим хот, орон нутгийн засаг захиргааны төлөөллийн сонгуулийн үеэр нийтдээ 3700-5000 орчим зөрчил илэрсэн аж. Сонгогчдын эрх ашгийг хамгаалах “Голос” нэртэй ассоциацийн мэдэгдсэнийг үзэхэд сонгуулийн санал хураалтын үеэр гарсан зөрчлийн ихэнх нь оросоор “карусель” буюу тухайн хэсэгт санал өгөх эрхгүй сонгогчдыг олноор нь зөөж аваачин санал өгүүлэх, сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилуулах зэрэг зөрчлүүд байжээ.

Тухайлбал Оросын сонгуулийг ажиглаж байсан английн ВВС агентлагийнхны баримтжуулсан дүрсэд тулгуурлан илрүүлсэн нэгэн зөрчил интернэтийн сувгуудаар олон оронд дамжуулагдсан байна. Москвагийн Тушино районы 2833 дахь сонгуулийн санал авах хэсгийн хороон дээр ирсэн нэлээд олон сонгогч нар тэдний өмнөөс өөр хүмүүс санал өгөн гарын үсэг зурсан болохыг мэдэгдэн гомдол гаргасан ажээ. Мөн энэ хэсэг дээр хос залуу орж ирэн санал өгөхийг завдсан нь өөр хэсэг дээр санал өгсөн хүмүүс байсан бөгөөд тэд ингэж болохгүй гэдгийг мэдэж байсан ч ямар ч санаа зовох зүйлгүйгээр саналын хуудсыг бөглөөд санал хураах хайрцаг руу хийхийг завдсан аж.

Мөн өөр нэгэн зөрчил Оросын сонгуулийн үеэр олонтаа гарсан нь манай монголчуудын хэлдгээр “царцааны нүүдэл” гэх арга байсан бололтой. Оросын чөлөөт ажиглагчдын төслийн нэгэн гишүүний ярьж байгаагаар бол түүний ажиглалт хийж байсан санал авах хэсэг дээр маш олон тооны сонгогч нар бөөнөөрөө санал өгөхөөр орж ирсэн нь анхаарлыг нь татжээ. Ажиглагч залуу тухайн хэсэг дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтанд хүсэлт тавин заримыг нь шалгуулахад тэдгээр сонгогч нар бүгдээрээ өөр газар саналаа өгсөн хүмүүс байсан аж. Ажиглагч залуугийн хэлж байгаагаар бол цагдаагийн ажилтан тэдгээр “царцаануудын” хоёрыг нь шалгаж байх хооронд тус хэсэг дээр ажиллаж байсан сонгуулийн хэсгийн хорооны гишүүд бусдыг нь бөглөсөн саналын хуудсаа санал хураах хайрцаг руу бушуухан хий гэж яаруулж байсан гэнэ. Энэ нь сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлийн баримтыг устгах гэсэн оролдлого байсан гэж үзэж байгаа аж. Энэ мэт маш олон зөрчил гарч байсныг Орост сонгуулийг ажиглахаар ирсэн гадаадын мэдээллийн агентлагууд болон ажиглагчид баримттайгаар дурдан мэдээлсээр байгаа гэнэ. Харин олон улсын ажиглагчдын талаар Оросын Сонгуулийн төв хорооны дарга Чуров шүүмжилж хэлэхдээ тэднийг тагнуулч нар хэмээн нэрлэж тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан байна. Тэрээр гадаадын ажиглагчид Орост ирээд сонгуулийг ажиглах биш харин хаалттай обьектуудыг тандаж нэгжиж байсан гэж мэдэгдсэн байна. Гэвч сонгуулийг бүхэлдээ хүлээн зөвшөөрөх хандлагатай болоод байгаа бөгөөд зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Европын Холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг нэр хүндтэй байгууллагуудаас томилсон олон улсын ажиглагчид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч болохуйц хэмжээнд зохион байгуулагдсан гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Орос орны төрийн жолоо арав гаран жилийн өмнөөс атгаж ирээд дөрвөн жил л хол байсан тэр л “эзнийхээ” гарт дахин очиж байна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж