Ходорковскийн хэргийг дахин шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ходорковскийн хэргийг дахин шалгахаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев тэрбумтан Михаил Ходорковскийн хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, дөрөвдүгээр сараас өмнө прокурорын хяналтанд өгөх тушаал өгчээ. Оросын хамгийн баян хүн, Кремлийн эрх баригчдыг шүүмжлэгч Ходорковскийг 2010 онд хууль бус аргаа мөнгө олсон хэрэгт буруутайг тогтоосон юм. Оросын газрын тосны аварга “ЮКОС” компанийн эзэн М.Ходорковский 2005 онд залилан, татвараас зайлсхийсэн хэргээр баривчлагдсан цагаас хойш шоронд хоригдож байгаа юм. М.Ходорковский өөрт нь тулгасан хэргийг улс төрийн явуулга гэж үздэг билээ. Дээрх  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн дээрх тушаал түүний албан ёсны вэб сайтад нийтлэгджээ. Д.Медведев мэдэгдэлдээ ОХУ-ын иргэн М.Ходорковский, түүний хамсаатан гэгдэх Платон Лебедев нарын хэргийн хууль зүйн үндэслэлийг дахин шалгаж Ерөнхий прокурор Юрий Чайкад хянуулах тухай бичжээ. Мөн дээрх хэрэгт холбоотой 32 хүний хэргийг мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг тушаажээ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Д.Медведев дээрх мэдэгдлийг хийсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж