Йенс Леманн “Арсенал”-д эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Йенс Леманн “Арсенал”-д эргэн ирлээ

Германы шигшээ багийн хаалгач асан Йенс Леманн зодог тайлснаа мэдэгдсэнээс хойш 10 сарын дараа дуулиан шуугиантайгаар их спортдоо эргэн ирж байна. Тэрбээр нэгэн үе хүчин зүтгэж, ид оргил үеэ зориулж явсан “Арсенал” багтаа дахин тоглох болжээ. Лондонгийн “Их буучид”-ын менежер Арсень Венгер энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өдгөө 41 настай Леманн 2003-2008 оны хооронд “Арсенал”-ын бүрэлдэхүүнд нийт 199 тоглолтод оролцож, дараа нь төрөлх нутагтаа очин “Штутгарт” багт хүчин зүтгэх болсон юм. Тэрбээр мөн шигшээ багийнхаа төлөө 61 тоглолтод оролцож, 2010 оны тавдугаар сард зодог тайлсан билээ.

Харин “Арсенал”-ын хаалгачид болох Войцех Щенсный, Лукаг Фабьянски, Вито Манноне нар гэмтэлтэй байгаа учир Мануэл Альмуния ганцаараа энэ албанд хүчин зүтгэж байгаа билээ. Харин Леманн энэ улирал дуустал богино хугацааны гэрээ байгуулсан аж. Леманны талаар “Арсенал”-ын босс Венгер “Леманн бидэнтэй хамт бэлтгэл хийж эхэлсэн. Премьер лигт бидэнд ямар ч хамгаалалт алга, тиймээс ч би Йенсийг эргүүлэн авчирсан. Би маш их баяртай байна” гэжээ. Харин Леманн өөрөө “Арсеналтай дахин нэгдсэндээ баяртай байна. Өнгөрсөн улирлын дараачаас би өөртөө амралт өгөөгүй, формоо алдахгүй гэж хичээж байсан. Багийнхаа төлөө хэзээ ч талбайд гарахад бэлэн байна. Арсеналд байх үеийн минь олон гайхалтай дурсамж бий. Энэ баг үргэлж миний зүрх сэтгэлийн гүнд байсаар ирсэн. Эргэн ирсэн нь үнэхээр онцгой үйл явдал боллоо” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж