В.Путин ялалтаа тунхаглав

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

В.Путин ялалтаа тунхаглав

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажилласан Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа Москва хотод олон мянган дэмжигчдийнхээ өмнө тунхаглажээ. Тэрбээр ийнхүү Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа эдлэх эрхтэй болж, Кремль дэх Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд дахин залрах болов. Хэдийгээр сонгуулийн санал тоолох ажил дуусаагүй байхад В.Путин ялалтаа тунхагласан ч санал асуулга болоод урьдчилсан дүнгээр тэр нийт сонгогчдын 60 орчим хувийн санал авчээ. Тэрбээр нээлттэй бөгөөд шударга өрсөлдөөнд яллаа хэмээсэн байна.

Харин түүний өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн үйл ажиллагаанд луйвар орсон хэмээн үзэж, олон тооны сонгогчид нэгээс олон санал өгсөн гэж үзэж буй ажээ. Тэдний зүгээс өнөөдөр Москва хотод массыг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа хэдийнэ зарлаад байна.

Гэтэл дарангуйлагч гэгдэх В.Путиныг дэмжигч мянга, мянган иргэд түүний ялалтыг тэмдэглэхээр Кремлийн ордны гадна цугларч, ОХУ-ын далбаа намируулан, элдэв уриа лоозон барин хөөрцгөөж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хамт гарч ирсэн ноён Путин улс орны өнцөг булан бүрээс өөрийнх нь төлөө саналаа өгсөн нийт дэмжигчдэдээ талархлаа илэрхийлжээ. "Бид ялна гэж та бүхэнд амлаж байсан. Бид яллаа. Орос орон мандан бадраг!" хэмээн нулимстай нүдээр ялалтаа зарласан В.Путин мөн "Бид нээлттэй, шударга өрсөлдөөнд яллаа" гэсэн байна.

Цагийн 11 бүсэд хуваагддаг ОХУ-ын сонгуулийн хэсгүүдийн талаас их хувийнх нь саналыг тоолж дууссаны дараа Сонгуулийн хорооноос урьдчилсан дүнг мэдээлсэн бөгөөд түүгээр Владимир Путин 64 гаруй хувийн санал авсан гэжээ. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Геннадий Зюганов 17 орчим хувийн дэмжлэг авсан аж. Харин нөгөө гурван өрсөлдөгчийн саналын тухайд ганц оронтой тоонд багтах гэнэ.

Сонгуулийн санал хураалт хаасны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр ноён Зюганов сонгуулийг "шударга бус, үнэ цэнэгүй" хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр В.Путин улс орныг удирдахдаа өмнөхийн адил байж болохгүй гэсэн байна. Харин Владимир Путины сонгуулийн кампанийн тэргүүн Станислав Говорухин сонгуулийг ОХУ-ын түүхэн дэх хамгийн цэвэр хэмээн тодотгожээ.

Сонгуулийн ирцийн тухайд Москвагийн цагаар 18.00 цагт 58,9 хувьтай байсан нь 2008 оны үеийнхээс хавьгүй өндөр үзүүлэлт бөгөөд албаны хүмүүс сонгуулийн ирц эцсийн байдлаар 62,3 хувьтай байсан тухай урьдчилсан мэдээ дамжуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж