В.Путин биш бол өөр хэн гэж?

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

В.Путин биш бол өөр хэн гэж?

ОХУ-ын сонгуулийн өмнөх санал хураалтаар одоогийн Ерөнхий сайд В.Путин 50-аас илүү хувийн санал авснаас үүдэн олон улсын ажиглагчид  түүнийг дахин төрийн тэргүүн болно гэдэгт бараг эргэлзэхгүй байна. Хуулийн анги төгссөн, КГБ-ын тагнуул асан В.Путин Оросын улс төрд арав гаруй жилийн өмнөөс ноёрхлоо тогтоосон юм. 2000-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч байсан В.Путин “ОХУ-ын Ерөнхийлөгч хоёроос дээш удаа бүрэн эрх эдлэхийг хориглоно гэж заасан Үндсэн хуульд захирагдан 2008 онд дахин сонгогдох эрхгүй болсон юм. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх эдлэх хугацааг зургаан жил болгон өөрчилсний дараа тэрбээр сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуульд Орост хөрөнгийнхөө хэмжээгээр гуравдугаарт бичигддэг, тэрбумтан бизнесмен Михаил Прохоров, Коммунист намын лидер Геннадий Зюганов, барууны үзэл баримтлалт Владимир Жириновский, төвийн зүүний үзэл баримтлалт Сергей Миронов, хамгийн хүчтэй өрсөлдөгч, одоогийн Ерөнхий сайд В.Путин нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Оросын хэвлэлүүдээр тэрбумтан Михаил Прохоровын эдийн засгийн шинэчлэл, ардчилсан өөрчлөлтийн амлалтуудын талаар бичихийн зэрэгцээ үл итгэгчид түүнийг Кремлийн эрх баригчдын төлөвлөгөөний нэг хэсэг гэж ярьж буй гэнэ. Гэвч дундаж давхаргын анхаарлыг татах гэж хичээж буй Прохоров урьдчилсан санал асуулгаар нэг оронтой тоотой санал авчээ. Гэвч Орост яг одоо болж буй сонгуулийн үр дүнг В.Путин хэдэн жилийн өмнө хэдийн тооцоолсон байсан гэж зарим шинжээчид үзэж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сард Нэгдмэл Орос намын хурал дээр В.Путин Ерөнхий сайдын албан тушаалаа өгч, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев түүнийг сонгуульд дэмжихээ илэрхийлсэн билээ. Түүний хариуд В.Путин сонгуульд ялвал түүнийг ерөнхий сайдаар томилохоо амласан. Тэгэхэд В.Путин “Би шулуухан хэлье. Үнэндээ энэ тохиролцоог бид хэдэн жилийн өмнө хийсэн” гэсэн юм. Үнэн хэрэгтээ Д.Медведев ерөнхийлөгчийн зөөлөн суудлыг энэ дөрвөн жилийн хугацаанд В.Путинд хадгалж байжээ. Харин В.Путин сонгуульд ялалт байгуулж, дахин сонгогдвол тэд суудлаа солихоор тохиролцсон аж. Гэвч улс төрийн тохиролцоо буюц “рокировка” Оросын ард иргэдэд таалагдсангүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард В.Путины тэргүүлдэг Нэгдмэл Орос нам 49.5 хувийн саналаар ялалт байгуулсан нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Шударга сонгууль явуулахыг шаардаж, жинхэнэ ардчиллыг хүссэн иргэдийн томоохон жагсаал Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш тус улсад гараагүй. Хэдийгээр В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөн Орост газар авч байгаа ч тэрбээр сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Түүний сонгуулийн “В.Путины төлөө бас бүгдийн  төлөө” хэмээх уриа нь би биш юм бол өөр хэн гэж гэсэн мессежийг иргэдэд өгч байгаа юм. Сонгуулийн өмнөх В.Путины эсрэг кампанит ажил хүртэл түүнийг хүчтэй, ухаантай цорын ганц удирдагч гэж харагдуулахад чиглэсэн аж. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй В.Путины хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй ясны коммунист Геннадий Зюганов  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, үйлдвэржилтийг сэргээхийн тулд хуучин Зөвлөлт засгийг шүтдэг сая сая өндөр настнуудын саналыг авч болох ч В.Путиныг гүйцэхгүй гэж ажиглагчид бичиж байна.  Оросын Үндэсний Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийг жинхэнэ танхай этгээд гэдгийг барууныхан хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр нэгэн удаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райсыг камерын өмнө хэл амаар доромжилж байсан удаатай аж.  В.Жириновский, Геннадий Зюганов нар Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдэх удаагаа өрсөлдөж буй боловч 10-аас илүү хувийн санал авч байгаагүй.  Сонгуулийн санал хураалтын үеэр эмх замбараагүй байдал, үймээн дэгдэхээс сэргийлж, Оросын томоохон хотуудад аюулгүй байдлыг хамгаалах өндөржүүлсэн арга хэмжээг авчээ. Гэвч ажиглагчид, гадаадын сурвалжлагч нар сонгуулийн дараа сүүлийн хорь гаруй жилд болоогүй эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн өрнөж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. В.Путиныг эсэргүүцэгчид түүнийг Оросын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол даваа гаригт жагсахаа хэдийн мэдэгджээ.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж