“Дүнжингарав-2012” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав-2012” өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газрын хоёрдугаар сарын 8-ны хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг баталсан бөгөөд төвийн бүсийн “Дүнжингарав-2012” бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 3-нд Төв аймагт зохион байгуулахаар болсны дагуу Монголын морин спорт, уяач­дын холбооны төвийн бүсийн хав­рын хурдан морины уралдаан өнөөдөр (03.03) Төв аймгийн Зуун­мод суманд боллоо.

“Дүнжингарав-2012” дөрвөн насны ангилалд болсон бөгөд эрлийз морьдын
дээд нас болон азарга, соёолон тус бүр 16, их нас 18 км замд хурд сорьлоо.

Эхний уралдаан болох эрлийз морьдын дээд насанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ. Өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-ын азарганы уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, сар шинийн өмнөхөн  Монгол Улсын манлай уяач цол хүртсэн Д.Бат-Эрдэнийн халтар аман хүзүүнд ирлээ. Айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Бадамжунайн цахиур халзан, дөрөвт Монгол Улсын тод манлай уяач, Д.Цэрэнчимэдийн уясан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтансүхийн зээрд, айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Монгол Улсын манлай уяач С.Ганхуягийн уяж хурдлуулсан Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд халзан хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.

“Дүнжингарав-2012” төвийн бүсийн хаврын уралдааны азарганы уралдаанд 234 хурдан хүлэг уралдсанаас 55 дугаартай мордсон Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн наран хээр азарга түрүүлсэн. Өнгөрсөн жилийн төрийн их баярын наадмын азарганы уралдаанд аман хүзүүдэж байсан энэ шандаст хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унаган хээр азарга аж. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд орж ирлээ.

Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэвээний Ойдовын хул орлоо. Аймгийн алдарт уяач Х.Баярсайханы уяж хурдлуулсан байна. Өнгөрсөн жилийн Булганхангайн бүсийн уралдаанд түрүүлсэн бол хэдхэн хоногийн өмнө Орхон аймгийн өвлийн уралдаанд түрүүлээд байсан байна.

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Монгол Улсын манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын ембүү хээр хурдаллаа. Ембүү хээр гэгч алдарт хурдан энэ хүлэг дааган цагаасаа хойш айраг алдалгүй хурдалж, улс бүсийн их баяр наадамд 10 дахиа айрагдаад байгаа хурдан азарга билээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн ембүү зээрд. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү энэ азарга хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн аварга хүлгээр шалгарсан билээ. Уг азаргыг Б.Цэндбаатар уясан байна.

Их насны 293 хүлэг уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн хүрэн морь түрүүлэв. Б.Ерөөлтийн зээрд Сүхбаатар угшлийн морь аж. Төв аймгийн харьяат, Монгол Улсын шадар сайд Миеэгомбын Энхболдын хүрэн халзан аман хүзүүнд ирлээ. Архангай аймгийн залуу уяач Дашчирав уясан байна.

Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач Галын Баттөмөрийн бор хурдаллаа. Өвлийн бүсийн анхны уралдаанд түрүүлж байсан бор морь энэ жил айрагдлаа.

Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын харьяат Мэндсайханы халтар морь айрагдлаа. Ц.Цэнд-Аюушийн уяж хурдлуулсан уг хурдан ажнай өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд өнгөлж байгаад наймд давхисан билээ.

Айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хүрэн морь айрагдлаа. Ц.Буянбаатар 2010 оны төрийн их наадамд хул даагаа айрагдуулж байсан байна. 

Монголчуудын хамгийн их бэлгэшээдэг соёолон насны морьдын уралдаанд 205 морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс Төв аймгийн Жаргалант сумын Б.Батаагийн бор үрээ түрүүллээ. Уяач Сайнзаяагийн уясан уг морь бүсийн наадамд түрүүлж байсан бөгөөд 13 настай н.Лхагвадорж хүү унаж, хурдлуулав.

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Базаррагчаагийн бор аман хүзүүнд ирлээ.

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн айрагдлаа.

Айргийн дөрөвт Монгол Улсын манлай уяач Агваансамдангийн Батсүхийн хул айрагдлаа. Уг хурдан ажнай шүдлэндээ Хэнтий зүүн бүсэд айрагдаж, өнгөрсөн жилийн төрийн их наадамд аравт ирж, Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан аж.

Айргийн тавд Төв аймгийн Баянжаргал сумын харьяат Бат-Очирын Саранхүүгийн хонгор халзан айрагдлаа. Уг хурдан ажнайг Монгол Улсын манлай уяач Дондогийн Оюунбилэг уяж хурдлуулсан байна.

Дашрамд дуулгахад, төвийн бүсийн хурдан морины уралдаан гуравдугаар сарын 11-нд Өмнөговь аймагт болох юм.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж